Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тулгатогоо: Урьдчилан сэргийлэх ажлыг 40 жилийн өмнө ч үр дүнтэй хийж байлаа

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Монгол Улсад Эрүүгийн цагдаагийн алба үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Түүхт ойг угтаж нэгэн үе энэ албыг удирдаж явсан эрхмийг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа.

Өдгөө нас сүүдэр 90 дөхөж яваа цагдаагийн хурандаа Б.Тулгатогоо 1976-1981 оны хооронд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтсийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-Та 30 гаруй жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн албыг удирдаж явсан. Тэр үеийн нийгмийн онцлог болоод гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байсан талаар ярихгүй юу?

-1970-1980-аад онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэс нэртэй байлаа. Бүтэц, чиглэл, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэрэгслээс эхлээд өнөөгийнхтэй харьцуулшгүй. Тэр үед эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэс гурван үндсэн чиглэлээр ажилладаг байв. Эрүүгийн гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэргээс сэргийлэх, эрэлч нохойн алба бүхий томоохон хэлтэс байсан. Мөн төв, орон нутагт 100 гаруй мөрдөгч ажиллана. Томоохон гэсний учир нь Цагдан сэргийлэх ерөнхий газрын улс, олон нийтийн өмчийг элдэв халдлагаас хамгаалах, сэргийлэх дагнасан алба гэж байсан бол манай эрүүгийн хэлтэс гурван чиглэл бүхий нийслэл болон орон нутагт эрэлч нохой хариуцсан биет төлөөлөгчтэй 3-4 хүн ажилладаг байснаараа онцлогтой.

Хэдийгээр нийгмийн онцлог, гэмт хэргийн нөхцөл байдал, арга хэлбэр өөр ч яг л одоогийнх шиг урьдчилан сэргийлэх чиглэлд гол анхаарлаа хандуулна. Мөн хэргийн халуун мөрөөр эрэн сурвалжилж илрүүлнэ. Хүн бүр өөрт оногдсон үүргээ эзний ёсоор нэр төртэй биелүүлж амжилт гаргахын төлөө бүхий л чадлаа дайчилж ирсэн. Би үүрэг хариуцлага өндөр, нэр төртэй  албанд ажиллахдаа хийсэн бүхнээ эргэн дурсах, дараагийн хүмүүстээ өвлөж уламжлуулахыг хичээсэн дээ.

-Та ямар зарчим, арга барилаар хамт олноо удирдаж, хэргийг шуурхай илрүүлж байв?

-Дээр дурдсанчлан гэмт хэрэг ямар арга хэлбэрээр гарч байгааг судалж мөрөөр нь илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд голчлон анхаарсан. Илрүүлэх, урьдчилан сэргийлэх үүрэг одоо ч бий. Бүгд л нэгдсэн удирдлага хүчээр чармайн ажилласан. Нийслэл орон нутагт гэмт хэрэг гарахад төвөөс мөрдөгчид очиж ажиллахдаа тухайн газар нутагт ямар төрлийн гэмт хэрэг ихэвчлэн гарч байна. Юунаас болж байна. Болохгүй, бүтэхгүй зүйл юу байна гээд бүхий л судалгааг хийж ирнэ. Ингэж бодитоор хийсэн судалгаанд тулгуурлаж бодлого боловсруулагчдад танилцуулж саналаа хэлж байсан нь илүү үр дүнтэй байсан юм болов уу.

Өөрөөр хэлбэл, судалгаагаар хаана ямар, онцлог учир шалтгааны улмаас гэмт хэрэгч гарч байгааг бүс, аймгаар нь нарийн бүртгэж үндэс, цаад шалтгаан нөхцөлийг нь тогтооно. Үүний дараа хууль дүрэм, төлөвлөгөөгөө боловсруулж байж үр дүнтэй тэмцэнэ шүү дээ.

-Тэр үед ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг гардаг байсан бэ. Хэргийн илрүүлэлт хэр байв?

-Ноцтой хэргүүд гарч л байсан. Аль ч цаг үед гэмт хэргийн мөрөөр шуурхай илрүүлэх үүрэгтэй учраас мөрдөгчид маань ачаалал их, амрахгүй хэдэн сараар ажиллах нь энүүхэнд. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн хэрэг болгоныг  100 хувь илрүүлнэ гэж байхгүй. Гэхдээ бид лав зууны 70 хувийг илрүүлдэг байлаа. Ихэвчлэн хулгай, танхай, залилангийн хэрэг гарна. Мөн хүмүүсийн хувийн өмчтэй холбоотой буюу малын хулгайн хэрэг их.  Тухайн үед хулгай, дээрэмд өртсөн ч гэдэг юм уу аж ахуйн нэгжүүд цагдаагийн байгууллагатай их сайн хамтарч ажилладаг, дэмжлэг үзүүлдэг байсан. Мэдээллээ зөв өгвөл хэрэг шуурхай илэрнэ шүү дээ.

Илрээгүй хэрэг гэж ярихгүй. Ямар нэг аргаар илрүүлэх л үүрэг хүлээдэг байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд орхичихдог, хэрэгсэхгүй болгочихно гэж байхгүй. Заавал араас нь мөрдөж шалгана. Ямар онцлогтой учраас илрүүлж чадахгүй байна вэ гэж  “дээрээс” шахна. Нэг онцлог нь одоогийн аюулын харанга дэлдээд байгаа хар тамхи гэдэг үг хүмүүсийн амнаас гарч байсангүй. Тэр бүр мэддэггүй байлаа.

-Тэр дунд ноцтой хэргүүдийг богино хугацаанд амжилттай илрүүлж байв уу?

-Томоохон хэргүүдийг хэрхэн илрүүлж байсан талаарх тэмдэглэл, эд мөрийн баримт одоо Эрүүгийн цагдаагийн албанд бий дээ. Ганцхан жишээ хэлэхэд, Чойрогийн Дүгэрээгийн хэрэг гэж нэлээд анхаарал татсан томоохон залилангийн хэрэг байлаа. Тэр үед одоогийнхтой адил машин элбэг байсан биш. Утсан холбоо, унаа тэрэг ядмагхан учраас хүмүүс мотоцикл л түгээмэл унадаг байлаа. Гэтэл хүмүүсийг  мотоциклоо унаж ирээд Их дэлгүүрийн өмнөх талбайд үлдээгээд оронгуут нь хулгайлчихдаг. Моторын дугаарыг нь арилгаж, паспортыг нь өөрчилж хөдөө унаж аваачаад зарчихдаг байсан байгаа юм. Голдуу Өмнөговь руу л явж байсан байдаг.

Хэрэгтэн тагнуул, цагдаа, хил, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудыг нэгтгэж байсан Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, удирдлагуудын гарын үсэгтэй үнэмлэх олоод авчихсан. Хэвлэлийн комбинатад ажилладаг танилаараа сайдын гарын үсэгтэй сүлдтэй тамга тэмдгийг энгийн нүдээр харахад ялгагдахын аргагүйгээр хуурамчаар хийлгэсэн. Тэгээд хулгайлсан эд, зүйлсээ хөдөө орон нутагт аваачиж  зарахдаа нөгөө сайдын үнэмлэхээ үзүүлээд явна. Энэ маягаар Чойрогийн Дүгэрээ гэж нөхөр нэлээд олон мотоцикл хулгайлж зарсан байдаг. Хот, хөдөөгүй мотоцикл алдагдаад байгаагийн цаана нэг л хүн байгаа юм биш биз гээд л мөрөөр нь хөөж илрүүлсэн. Ер нь төв, хөдөөг дамнасан олон үйлдэлтэй хэргийг илрүүлж шалгахад нэлээд ур чадвар шаардсан даа. Хэргийг миний удирдлагад ажиллаж байсан Жамьянсэнгээ мөрдөж богино хугацаанд илрүүлсэн. Их сайн ажилласан учраас сүүлд ерөнхий прокурорын орлогчоор хүртэл дэвшсэн. Жамьянсэнгээ олон ноцтой хэргүүдийг гардан илрүүлсэн шилдэг мөрдөгч байлаа.

-Бусад улс оронтой хэрхэн хамтарч ажилладаг байсан бэ. Өнөөгийн цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг хөндлөнгөөс хэрхэн харж дүгнэдэг бол? 

-Бид бусад улс оронтой хамтарч томоохон хурал, зөвлөгөөн хийж  туршлага судалдаг байсан. Ялангуяа, социалист орнуудтай арга туршлага солилцож нэгэндээ мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээнүүд цөөнгүй хийнэ. Энэ бүхэнд өөрсдийнхөө хэмжээнд гар бие оролцож явсан.

Одоогийн цагдаагийн албыг техник хэрэгсэл, хүний нөөц, мэргэжлийн ур чадвар гээд 30-40 жилийн өмнөхтэй харьцуулах аргагүй. Угаас цаг үеэ дагаад шинэчлэгдэхээс өөр яахав. Төрөөс ч сайхан дэмждэг бололтой. Харин ажил амжилттай, үр дүнтэй байх нь боловсон хүчнээс л шалтгаалдаг. Алба хаагчид нь тодорхой хэрэг дээр мэргэшсэн, ур чадвар сайтай бол гарцаагүй үр дүнтэй ажиллана. Алба хаагчид нэг чиглэлийн хэрэгтэйгээ олон жил зууралдаад ирэхээр шал өөр болдог. Дээр нь  судалгааг тасралтгүй хийж байх ёстой.

Миний хувьд хэдийгээр олон жилийн өмнө хөндийрсөн ч өнөөгийн эрүүгийн цагдаагийн албаны бодлого, үйл ажиллагааг нааштайгаар ойлгож хүлээж авч явдаг. Ардчилал эхэлснээс хойш ноцтой хэргүүд их гарч байна. Үүнтэй сайн тэмцэж байна. Ихэнхдээ илрүүлээд л байгаа харагддаг. Ер нь дан ганц хууль сахиулах ч биш бүхий л салбар ахмад,залуу боловсон хүчнийхээ хэлхээн дээр амжилттай ажилладаг даа.

Зураг