Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Царайгаар таних" технологийг хориглосон АНУ-ын анхны хот Сан Франциско боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хууль сахиулах үйл ажиллагаа болон төр засгийн үйлчилгээнд орчин үеийн “царайгаар таних” технологийг ашиглахгүй байх шийдвэрийг Сан Франциско хотын захиргаа өчигдөр гаргажээ.

Ингэснээр “Царайгаар таних” (Facial Recognition) технологийг төр захиргааны үйл ажиллагаа, үйлчилгээнд ашиглахыг хориглосон АНУ-ын анхны хот Сан Франциско болж байна.

Үүнээс гадна олон нийтийг хянах зориулалттай орчин үеийн ямар ч шинэ технологийг нэвтрүүлэхийн өмнө хотын захиргаанаас зөвшөөрөл авах журамтай болжээ.

Уг шийдвэрийг олон нийтийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд саад учруулсан алхам гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа юм.

Харин дэмжигчид нь хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдлыг дээдэлсэн шийдвэр гэж сайшааж байна. Сан Франциско хотын удирдах зөвлөлийн есөн гишүүний найм нь шийдвэрийг дэмжжээ. Тус зөвлөл нийт 11 гишүүнтэй бөгөөд хоёр нь санал хураалтын үед эзгүй байсан гэнэ.

Ирэх долоо хоногт хоёр дахь удаагаа санал хураасны эцэст журам албан ёсоор батлагдах юм.

Шинэ журам нь Сан Францискогийн нисэх буудал, далайн боомтуудад үйлчлэхгүй. Учир нь эдгээр байгууламжууд холбооны засгийн газрын удирдлага, бүтцэд байдаг юм.

Зарим албаны хүмүүс хотын цагдаагийн газрын үйл ажиллагааг журмын гадна үлдээхээр хөөцөлдсөн ч бүтээгүй байна. “Царайгаар таних” технологийг тус хотын хууль хүчнийхэн одоогоор хэрэглэдэггүй ч АНУ даяар олон хотуудад хэрэглээд эхэлсэн байгаа юм.

 

Эх сурвалж: BBC