Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Буриадын засан хүмүүжүүлэх газрын хийлгэсэн видео клипний мөрөөр шалгуулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Холбооны Засан Хүмүүжүүлэх Газрын Буриад дахь салбар өнгөрсөн Даваа гарагт нэгэн сонирхолтой видео клип захиалж хийлгэснээ интернэтээр нийтэд үзүүлсэн байна.

Өөрийн ажил албаны онцлог, давуу тал, нийгэмд гүйцэтгэх үүргийг залуу үеийнхэнд сурталчилж, таниулах, ингэснээрээ шинэ боловсон хүчин бэлдэх зорилготой уг видеог бүтээжээ.

Гэтэл видеонд хоригдлуудтай зүй бус харьцаж байгааг харуулсан дүрснүүд багтсан нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, Буриадын хүний эрхийн байгууллагууд клипний мөрөөр шалгуулах хүсэлт гаргасан байна.

Буриадын хүний эрхийн тэмцэгч Юлия Жамбалова уг асуудлаар орон нутгийн прокурорын газарт гомдол гаргаж, шалгуулах хүсэлт илгээснээ өчигдөр мэдэгджээ.

Видео клипэнд хоёр эмэгтэй албан хаагч хоригдлын дүрд тоглож буй жүжигчнийг гавлан, гарыг нь мушгиад “Бид гэмт хэрэгтнүүдтэй ингэж тэмцдэг, толгойлогчдыг нь нохой шиг гаслуулдаг” гэж дуулж байгаа юм.

Өөр нэг хэсэгт хавчаахай нум барьсан албан хаагч хоригдлын толгой дээр тавьсан алимыг харвахаар онилж байгааг харуулжээ.

Иргэдийн шүүмжлэлийн хариуд Буриадын засан хүмүүжүүлэх газрын захиргаа уг видеог ажилтнууд нь санаачилгаараа бүтээсэн, нийтэд үзүүлэх зорилгогүй, зөвхөн дотооддоо ашигласан гэж тайлбарласан байна.

ОХУ-ын шоронгуудад хоригдлуудыг тамлан зовоодог, хүний эрхийг нь зөрчдөг тохиолдлууд олноор илэрч байгаа цаг үед уг асуудал хөндөгдөж байна.

Тус улсын хууль хүчнийхэн одоо шоронгийн 12 хуягтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ярославль мужийн нэгэн шоронд 25 хоригдлыг эрүүдсэн хэрэг гарсныг мөн шалгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: ТАСС, Radio Free Europe /Radio Liberty