2019/11/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-27°
04:00
S26
-11°
05:00
S29
-12°
06:00
S29
-12°
07:00
S26
-12°
08:00
S26
-12°
09:00
S26
-11°
10:00
S26
-11°
11:00
S26
-10°
12:00
S26
-10°
13:00
S26
-10°
14:00
S26
-7°
15:00
S26
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ундраа: Хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг харж “Итгэлийн зээл” олгох тухай ярьж байгаа

Б.Амартүвшин, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 15
Өдрийн сонин
Гэрэл зургийг mpa.mn

УИX-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох талаар нэлээд яригдсан. Ажлын хэсгийн гишүүний хувиар хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Өнөөдөр (өчигдөр) тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Удахгүй Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн зорилтын асуудлаар Олон улсын парламентын холбооны хурал болох гэж байгаа юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны илтгэлүүд тавигдсан.

Өнөөдрийн хурлын явцад гарсан нэг оролцогчийн санал хүүхдийн хоол хүнс, тэжээлийн асуудалтай холбоотой байсан. Энэ зүгээр нэг хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ халуун хоолтой байх асуудлаас том зүйл. Өөрөөр хэлбэл бид ард иргэдээ эрүүл энх байлгах, өвчилсөн хойно нь эмчлэх биш, урьдчилан сэргийлэх явдал юм. Үүнийг яагаад чухал вэ гэдгийг бид ярилцаж байна.

Тэгэхээр хүүхдүүдээ эрүүл зөв өсгөхөд зөв хооллох маш чухал. Энэ нь зөвхөн боловсролын салбарын төдийгүй эрүүл мэнд, нийгмийн салбарын чухал бодлого гэдэг нь салбар хоорондын уялдаанаас харагдаж байгаа. Бид хүүхдийг үдийн цайтай болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийг үдийн хоол болгоход олон мэргэжлийн хүмүүс оролцлоо. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүмүүс нэг ширээний ард сууж, хоорондоо хэлэлцсэн. Одоо эцсийн хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн болсон.

-Анхны хэлэлцүүлэг дээрээ нэг хүүхдэд 600 төгрөгийн өртөгтэй үдийн цайг өгдөг гэсэн. Тэгвэл үдийн хоолыг хэдэн төгрөгөөр төсөвлөх вэ?

-Хуулийн төсөлд анх 2,400 төгрөг гэж ярьсан. Яг одоо төсөвт суухдаа инфляц болон эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдах ёстой.

Тухайн хийж байгаа хоолныхоо зэсийг зохиохдоо шим тэжээлтэй, хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй тийм хоолыг хийхэд ямархуу төсөв хэрэгтэй вэ гэдэг тооцоо, үндэслэлтэйгээр энэ тоог гаргаж ирсэн. Одоо хэрэгжиж байгаа үдийн цай хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээнд шүүмжлэл гардаг. Өөрөөр хэлбэл чихэрлэг ундаа, жигнэмэг өгөх нь хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй шим тэжээл өгдөггүй. Тэр талаасаа үүнийг хүнсний ногоо, уураг бусад витамин тэжээллэг агуулсан хоол хүнсийг оруулах бололцоотой тоо гэж харж байгаа.

Нэг хүүхдэд оногдох төсвөөс гадна сургуулийн барилга нь орчин үеийн стандартад нийцэх үү. Стандартад нийцсэн гал тогоотой барилгууд бий юу гэдэг асуудал бий. Мөн хоол зүйчийн асуудлыг ярих хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс зөвлөх хэрэгтэй шүү дээ.

-Мэргэжлийн хоол зүйчдийн талаар ярихгүй юу?

-Хүүхэд багачууд олноороо цугладаг газар хоол зүйч чухал. Эрүүл өсөж бойжиж байгаа хүүхдийн настай нь уялдуулж хэрэгцээг нь зохицуулах хэрэгтэй. Найм болон 12 настай хүүхдийн хэрэгцээ ондоо шүү дээ. Тиймээс үүнийг хоолны мэргэжлийн хүмүүс зохицуулах хэрэгтэй. Түүнчлэн улирлын чанартай хоолны зэсний өөрчлөлт гарах байх. Үүнийг мэргэжлийн хүмүүсээс нь тодруулна.

Олон улсын практикаас харахад ургац хураадаг үеэр хүнсний ногоог түлхүү хэрэглэж байна. Ингэснээр илүү шинэ ногоо, жимс хэрэглэдэг хөдөлгөөн үүссэн. Одоо бид хүнсний ногоогоо импортоос хангаж байгаа. Гэхдээ шим тэжээлээ бодолцох юм бол аль болох улсаасаа, тэр дундаа нутгаасаа хангах хэрэгтэй. Орон нутгийн сургуулиудын хувьд мах, ногооны хэрэгцээгээ нутгийнхаа аж ахуйгаас хангах боломж илүү байгаа юм. Үүнийг уян хатан байдлаар хуулийн төсөлдөө тусгасан.

-Өнгөрсөн Даваа гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгох хуулийн төслийг дэмжсэн. Энэ бага хүүтэй зээлийг иргэн бүр л авахыг бодно. Үүнд маш их хэмжээний төсөв шаардагдана шүү дээ. Энэ талаар нийгэмд шүүмжлэлтэй зүйлс яригдаж байна...

-Ямар нэгэн байдлаар зээлийн дарамтад ороогүй хүн цөөхөн байна. Залуучууд гэхэд л оюутны зээлтэй. Залуу гэр бүлүүд Ипотекийн зээлтэй. Өндөр настнууд маань тэтгэврийн зээлтэй байна. Нийгэмдээ хийдгээ хийчихсэн өндөр настнууд тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ аваад өгчихөж байна. Энэ бол зээлийн дарамт. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү сарын гурван хувь гэх юм бол жилээр бодох юм бол 36 хувь. Энэ бол асар өндөр хувь.

Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хувь ийм өндөр байгаа үед яаж хүн ашигтай ажиллаж чадах юм бэ. Тэр утгаараа бага хувьтай зээлийн хэрэгцээ асар их байна. Зээлийн хязгаар нь 20 сая. Энэ их үүсвэр нь байгаа юм уу. Ямар хүмүүс авах ёстой вэ гэдгийг тодорхой болгох чиглэлээр бүлгийн хуралдаанаар олон гишүүд үг хэлсэн.

Бүлгээр энэ асуудал орсны дараа твиттерт маш олон жиргээчдийн бичсэн зүйлсийг харлаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хүчээр тогтоох асуудал болон олон улсын практикийг ойрд их шүүж уншиж байгаа. Бусад улсуудын жишгийг харахаар зээлийн хүүг хүчээр тогтоодог улс орнууд байдаг юм байна. Мөнгө хүүлэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд тийм хуультай байдаг.

Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас өрсөлдөх амбицтай байгаа Бурни Сандэрсийн гаргаж байгаа санаа нь кредит картны зээлийн хүүг 15 хувиас илүүгүй байх ёстой гэсэн манайд яригдаж байгаа зээлийн дээд хязгаар гэдэгтэй төстэй санаачилга гаргаж байгаа юм билээ. Хөгжчихсөн улсуудын хувьд ч гэсэн зээлийн дээд хязгаарын асуудлыг ярьж байна. Энэ чухал асуудал. Яг яаж шийдэгдэх вэ гэдэг их хурлын асуудал.

-Итгэлийн зээлээр хүн болгонд зээл олгох боломж бүрдэж байгаа юм байна. Үэтэл зээл авсан иргэн эргүүлэн төлж чадахгүй асуудал үүсвэл яах вэ?

-Банкуудын хувьд ч чанаргүй зээл ихсэх юм бол дампуурах эрсдэлтэй гэдгийг сүүлийн үеийн жишээ харуулж байна. Мэдээж банк санхүүгийн салбар илүү найдвартай, эрүүл байж бусад хүмүүст эергээр нөлөөлнө. Нөхцөл байдал хүндэрвэл бүгдэд нь дарамт ирнэ. Тэр утгаараа банкуудын дунд байгаа зээлийн мэдээллийн сан тухайн зээлийн этгээд хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг харуулж байгаа. Энэ санг улам бэхжүүлж, зөв зүйтэй ажилладаг болгох хэрэгтэй.

Татварын хуультай үүнийг холбож яримаар байна. Энд иргэд болон хувь хүний орлогын албан татварын тайлангаа өгдөг байх шинэ заалт бий. Ингэхээр хүн болгоны мэдээллийн сан үүснэ. Тэгэхээр татвараа хариуцлагатай төлдөг хүн мөн үү гэдэг зээлд хамрагдах шалгуур болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Засаглалын тэнцвэрийг хадгалах, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, Засаг захиргааны нэгж бүтэц болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан оруулж ирэх, нийслэл хот өөрийн гэсэн дүрэм, татвартай байх зэрэг асуудлуудын бололцоог олгох гэх мэт асуудлууд бий. Үндсэн хуулийн үндсэн зарчим бол хэвээрээ байна байх.

Хамгийн гол нь засаглалын хэлбэр парламентын засаглал хэвээрээ, засаглалуудын үүрэг функцийг тодорхой болгох хэрэгтэй. Яг гүйцэтгэх засаглалынх нь эрх нь хаанаа байгаа вэ гэдэг тодорхойгүй байгаа. Хүчтэй ерөнхий сайдтай байх ёстой гэж ярьж байгаа ч гэсэн засаглалын тодорхойгүй байдлыг засаж залруулсан тийм өөрчлөлтүүд хийгдээсэй.

-Сөрөг хүчин байхгүй үед Үндсэн хуульд гар хүрээд дэмий гэсэн зүйл яригдаж байгаа шүү дээ?

-Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж маш олон гишүүд гарын үсэг зураад өргөн барьсан. Үүнд би Д.Лүндээжанцан гишүүний манлайлалтайгаар хийсэн ажлууд маш их байгаа. Зөвлөлдөх ажлын хүрээнд маш олон хүмүүсээс саналыг нь авсан. Нэлээд өргөн хэмжээтэй хэлэлцүүлгүүд хийгдээд явсан. Бэлтгэл ажлыг зохих хэмжээнд хангасан. Хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

x