Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Намайг маш ноцтой хэрэгт гүтгэж байна

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 9
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраас зарим зүйлсийг тодрууллаа.

-Таныг УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г өөрчилж, С.Зориг агсны хэргийг замхруулсан гэлээ. Энэ талаар та сошиал хуудсаараа ч хариулт хэлээд авлаа. Яг юу болсон юм бэ?

-С.Зориг агсны хэргийн талаар өмнө нь танай сонинд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн. Ц.Нямдорж сайд намайг шахаж байхдаа энэ асуудлыг ярьж л байсан. Чи С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хууль дээр өөрчлүүлэх ажлыг Их хуралд нууцаар зохион байгуулсан байна гэсэн. Засгийн газрын өргөн барьсан төслөөр 2016 онд эрүүгийн хуулинд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй. 

Тэгэхээр нь би хөөн хэлэлцэх хугацааг Засгийн газар өөрчлөөгүй. Их хурал өөрчилсөн. Та нар өөрсдөө өөрчилсөн. Эрүүгийн хууль батлагдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үе шатанд байнгын хороон дээр гишүүд санал гаргаад та нар өөрсдөө хөөн хэлэлцэх хугацааны зарчмыг нэг нь ч эсэргүүцэхгүйгээр баталсан. Байнгын хороон дээр хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ёстой гээд та нар өөрсдөө хэлж байсан.

Та нар өөрсдөө байнгын хороон дээр өөрчилсөн. Байнгын хороон дээр өөрчлөхдөө 2017 оны дөрөвдүгээр сард эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж бүр шинэчлээд баталчихсан. Хууль зүйн байнгын хорооны дарга санал гаргаад байнгын хорооны бүх гишүүд нь дэмжсэн. Дэмжсэн гишүүд дотор Ж.Батзандан, Ц.Нямдорж, Лу.Болд бүгд байгаа. Та нар эцсийн хэлэлцүүлгийн шатанд дэг өөрчлөөд бүр дэг зөрчөөд өөрчлөлт оруулсан биз дээ гэж би хэлсэн.

Надад дуу дүрсний бичлэг болоод цаасан тэмдэглэл нь бий. Тэгтэл Ж.Батзандан Лу.Болд хоёр хэвлэлийн хурал дээрээ намайг С.Зориг агсны хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн. Намайг хуулийн хулгайч гэж гүтгэж байгаа юм. Гүтгэх гүтгэхдээ маш ноцтой юман дээр гүтгэж байна. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гээд одоо Түр хороо байгуулчихсан. Бүх эрх хуулийн байгууллагуудын удирдлагуудыг нь сольчихсон. 

Бүгдийг нь одоо шалгаж байгаа биз дээ. Түр хороон дээр намайг дуудаад асуугаач ээ. Ц.Нямдорж гэж хүний хутгуур хийсэн үгээр Лу.Болд манаргаж яваа байхгүй юу. Өөрийн толгойгүй. Ц.Нямдорж нь өөрийгөө буруудахыг мэдээд чимээгүй болчихож байхад Лу.Болд тэнд тууж л явна. Энэ асуудал дээр яагаад хөөн хэлэлцэх хугацаа руу чихэв гэдэг нь миний анхаарлыг татаж байгаа.

-Яагаад?

-Яагаад гэвэл энэ хэрэг дээр Түр хороо байгуулчихсан. Захиалагчийг нь зарлана гээд байгаа биз дээ. Гэтэл энэ ажил нь урьдчилаад бүтэлгүйтчих юм шиг хууль руу чихэж зугтах гээд байгааг гайхаж байна. Хууль руу чихэх бэлтгэлээ хангаад байна. Түр хороо байгуулагдаад ажил нь ч эхлээгүй. Эхлээд шалгалтаа хийх хэрэгтэй биз дээ.

Лу.Болдын ярьсан юм хоёрхон үндэслэлээр шууд үгүйсгэгдэнэ. Нэгдүгээрт, С.Зориг агсны хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм бол одоо юуг нь шалгаад байгаа юм. Дуусаагүй учраас л хуулийн байгууллага шалгаад байгаа биз дээ. Дуусаагүй учраас л Түр хороо байгуулагдаж байгаа биз дээ.

Дууссан бол хэрэг үүсгэхгүй хаагдана. Хөөн хэлэлцэх асуудал дууссан асуудал дээр хэрэг үүсгэдэггүй. Хэрэг үүсгэх хориотой. Дуусаагүй гэдэг нь зөвхөн энүүгээр хангалттай нотлогдоод байна. Хоёрдугаарт, Засгийн газраас 2016 онд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хуулийн төсөл ергөн бариагүй. 2015 он буюу өмнөх парламент эрүүгийн хуулийг батлахдаа хөөн хэлэлцэх хугацаа тооцохыг тухайн гэмт хэргийг илэртэл нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгахгүй байхаар баталсан байсан.

Тэр заалтыг 2016 онд шинэ засгийн газар хөндөөгүй, яг хэвээр нь өргөн барьсан. 2017 оны тавдугаар сард УИХ-ын хууль зүйн байнгын хороо дээр эцсийн хэлэлцүүлэг дээр дэг зөрчиж санал гаргаад хамгийн эцсийн өдөр их хурлын ажлын хэсэг дээр, Засгийн газрын ажлын хэсэг дээр ч яригдаагүй байтал энэ асуудлыг гэнэт гишүүд хөндөөд шууд амаар санал гаргасан. Миний хажууд Улсын Дээд шүүхийн Батцэрэн шүүгч, цаана нь Улсын Ерөнхий прокурорын туслах Бат-Орших прокурор сууж байсан. 

Ингээд гэмт хэрэг илэртэл хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй гэж байсан төслийн заалтыг тухайн хэрэг шүүхээр ортол хөөн хэлэлцэх хугацаа зогсохгүй болгож өөрчлөөд баталчихсан. Одоо энэний гор гарч ирж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд зориуд хэргийг сунжруулж шалгаж байна гэх нэрийдлээр хэдэн жил үргэлжлүүлж юу ч биш болгоод хөөн хэлэлцэх хугацаа нь дуусангуут шүүх рүү шилжүүлдэг. 

Ингэхээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан гээд хэрэгсэхгүй болгодог. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Ингэж байгаад хэргийг цавчдаг хуулийн мафийг бий болгож байгаа юм. Ийм юм гаргуулахгүй гээд Хуулийн төсөл санаачилсан ажлын хэсгээ буруутгаж байгаа юм. Өөрөө өөрчилж кноп дарчихаад шүү дээ. Хамгийн гол нь намайг маш ноцтой хэрэгт буруутгаж байна. Би С.Зориг агсныг нас барахад 20 настай байсан. Намайг одоо захиалагч гэх гээд байгаа юм уу.

-Танд ямар баримтууд байгаа юм бэ?

-Их хурлын байнгын хороо болон чуулганы протокол байгаа. Энэ дээр хэн санал гаргав, хэн дэмжиж үг хэлэв, хэн тухайн санал хураалтад оролцоод дэмжив гээд бүгд бий.

-Лу.Болд гишүүнийг ашигт малтмалын дарга байх үед Монголын говьд хамаг лиценз олгогдсон зэрэг түүний талаар хэд хэдэн асуудлыг та жиргэсэн байсан?

-Энэ бол тусдаа маш том асуудал. Би твиттер дээрээ хангалттай бичсэн. 2004-2008 оны юмыг ярьж байна. Петрочайна Тамсагтай бүтээгдэхүүн хуваах нийлүүлэх гэрээ, Дорнодын Мэнэнгийн талыг Дорнодын ард иргэдэд ямар ч ашиггүй тэнд хувь ногдохгүй нөхцөлөөр хэний үед энэ гэрээнүүд хийгдсэн, хэн газрын тосны хуулиудыг ахалж ажиллаж байсан.

Одоо тэнд хэн бизнес хийдэг гээд яривал хамаг булай нь гарч ирнэ. Энэ тусдаа баримттай сэдэв. Яахав асуудал байвал хуулийн байгууллага дээр баримтаа гаргаж ирээд шийднэ биз.

Зураг