Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын олон жуулчин Баян-Өлгийд хөл хорионд байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хоёр иргэн тарваган тахлаар нас барсны дараа хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 38 настай Т тарваганы бөөр түүхийгээр нь идсэнээс болж нас барсан бол 30-ны өдөр түүний 37 настай, давхар биетэй эхнэр мөн амиа алджээ. Тэдэнтэй 158 хүн шууд болон шууд бусаар харилцсаныг мэргэжлийн байгууллага тогтоогоод байна.

Одоо Өлгий хотод ОХУ, АНУ, Нидерланд, Герман, Швед, Швейцар, Өмнөд Солонгосын жуулчид хөл хорионд ороод байгаа тухай Британий Mirror сайт мэдээлжээ.

Зочид буудалдаа хоригдож байгаа өрнөдийн жуулчид цагийг хэрхэн өнгөрөөж байгаагаа харуулсан зураг, видеог тус сайтад нийтэлжээ.

Сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд тэд хамтдаа наргиж, дуулж байгаа гэнэ.

 

Эрх баригчид тахлын нөхцөл байдлын талаар тавдугаар сарын 6-ны Даваа гарагт мэдээлэл өгнө гэж тэдэнд мэдэгджээ.

Тарваган тахлын нян ямар нэг эмчилгээ хийлгээгүй бол 24 цагийн дотор насанд хүрсэн хүнийг үхүүлэх чадалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлсэн байдаг.

14 дүгээр зуунд Ази, Европт 50 сая хүний амийг хөнөөсөн “Хар Үхэл” гэгддэг халдварт өвчнийг тарваган тахал байсан гэж түүхчид үздэг юм.

Эх сурвалж: Mirror.Co.UK