Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Би шувуудыг хайрлан аюулгүй амьдрахад нь тусалж, хамгаалдаг хүн болохыг хүсдэг"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
 
Монголын шувуу хамгаалах нийгэмлэг

Визгүй зорчдог боллоо гэвэл хэчнээн сайхан. Харин шувуу бол визгүй зорчигч...

Нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, шувуудын талаарх олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг 2006 оноос хойш тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн билээ. 

Харин Монгол Улс 2012 онд Нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцид нэгджээ. Конвенцийн чухал санаачилгуудын нэг болох "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр-2019" үйл ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлын тухай Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, МУИС-ийн профессор багш С.Гомбобаатараас тодрууллаа.

 Нүүдлийн шувуудын хувьд хуванцар хог хаягдал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна
 

 - Энэ жил дэлхийн нүүдлийн шувуудыг хамгаалах өдрийг ямар уриа доор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ?

- Конвенцийн хүрээнд жил бүр  нүүдлийн шувуудад тулгарч буй асуудлыг уриа болгон дэвшүүлдэг. Энэ жилийн хувьд “Хуванцар хог хаягдлыг нүүдлийн шувуудад сөрөг нөлөөгүй шийдвэрлэх” уриаг дэвшүүлсэн.

Идэш тэжээлийн хомсдол, цаг агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалан шувуу, хөхтөн амьтад улс орныг дамжин алс нүүдэллэх тул нүүдлийн шувууг хамгаалах нь зөвхөн нэг улсын бус олон улсын хамтын ажиллагаа байх ёстой.

- Хуванцар хог хаягдал шувуудад ямар сөрөг нөлөө үзүүлээд байна вэ?

- Ихээхэн нөлөө үзүүлж байна. Жишээ нь, өнөөдөр дэлхий нийтэд бохь зажилдаггүй хүн гэж байхгүй. Тэгээд зажилсан бохио гудамжинд хаячихаар тэрийг нь шавж, үр иддэг шувууд андуураад идчихдэг. Учир нь шувуу үнэрлэдэггүй.

Зарим шувууд нийлэг материалаар үүрнийхээ доод талыг зөөллөхийн тулд  ашигладаг. Ихэвчлэн шилэн оймс болон бусад нийлэг утас, уяаг үүрний доор дэвсэж, хурц хумстай шувууд үүрний дээрх материалдорооцолдож энддэг. 

Далай болон нуурын мандал дээр хаягдсан ус, ундааны савны тагийг загасаар болон  усны сээр нуруугүйтэн амьтдаар хооллодог шувууд түүж иднэ. Тухайлбал, салхич шувуу далайн гадаргууд буй хуванцар савны тагаар ангаахайгаа хооллож, ходоодыг нь хуванцар савны тагаар дүүргэн, тийрч үхдэг тохиолдол их байдаг. Хуванцар хог хаягдал нь нүүдлийн шувуудын хувьд дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон.

 
гэрэл зургийг www.exo.surf

-Энэ жил танай нийгэмлэгээс ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жилийн үйл ажиллагааны хүрээнд хуванцар хог хаягдлын сөрөг нөлөөний тухай мэдээ, баримтыг олон нийтэд хүргэж, хор хөнөөлийг нь ойлгуулахаар зорьж байна. Уг асуудлыг монгол орныхоо жишээгээр тайлбарлаж, уг асуудлыг хөндөхөөр судалж байна. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг шувуу хамгаалах аялалаа үргэлжлүүлэн хүүхэд, залуучуудад хүргэнэ.

- Шувуу ажиглах аялалд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ? 

- Явахыг хүссэн хүн бүр явж болно. Гэхдээ бид зорилтот бүлгээ хүүхдүүд гэж тодорхойлж байна. Хүрээлэн буй орчиндоо нөлөө багатай амьдрах амьдралын хэвшлийг хүүхдүүдэд олгуулах арга замаар шувуу хамгаалах мэдлэг, боловсролыг сайжруулах зорилготой хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан харин мэддэг зүйлээ хэзээ ч сүйтгэдэггүй тул мэдлэг өгөхийг зорьж байна. 

- Монгол Улс нүүдлийн шувуудад ач холбогдол өгч буй шалтгаан юу вэ?

Дэлхий дээрх нүүдлийн 9 замын  гурав нь Монгол Улстай холбоотой. Манай оронд одоогийн байдлаар 513 зүйлийн шувуу бий. Үүний 80 гаруй хувь нь нүүдлийн шувуу. Үүнээс үзвэл  манай орон нүүдлийн шувуудын хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийн нэг юм.

- Аялал жуулчлалтай нүүдлийн шувуудыг хослуулах боломж хэр байдаг вэ? 

- Шувуу хамгааллын ажил нь их хөрөнгө шаардсан ажил тул хөрөнгө босгоход түлхүү анхаардаг. Шувуу судлаачид, шувуу хамгааллын чиглэлээр ажиллаж буй ихэнх хүмүүс одоогийн байдлаар дандаа гаднаас хөрөнгө босгон ажиллаж байна.

Тэр хөрөнгө оруулалтыг нэмэх нэг гарц нь аялал жуулчлал юм. Жишээ нь шувуу ажиглах, зураг авах аялал буюу тусгай сонирхлын аялалууд нь шувуу хамгаалалд шаардлагатай хөрөнгийг босгоход чухал эх үүсвэр болох талтай. Монгол орны нутаг дэвсгэрээр шувуудын нүүдлийн гурван гол зам дайрдаг тул жил бүр гадаад, дотоодын шувуу ажиглагчид тэдгээрийн гэрэл зургийг авах, ажиглах зорилгоор манай улсыг зорин ирдэг.

Монгол Улсад мэргэжлийн түвшинд шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх ажлыг Монголын шувуу судлалын нийгэмлэг системтэйгээр хөгжүүлж байна.  Санхүү болон бодлогын хувьд дэмжих нь чухал байна. 

Монголын шувуу судлалын нийгэмлэгийн зүгээс шувуу ажиглах аяллыг хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг онцлогтой.

Энэхүү аялалд гурав дахь жилдээ оролцож байгаа 84 дүгээр сургуулийн 6 "ж" ангийн сурагч Б.Зэвтэй ярилцлаа. 

Хүмүүс байгаль орчноо устгаад байвал шувуунд амьдрах орчин бүрдэхгүй
 

- Анх шувуу ажиглах аялалд яагаад оролцох болсон бэ?

- Анх ээжийн эгч нь шувуу ажиглах аялал гэж байдаг сонирхож үзэх үү гээд 2015 онд найман настайдаа анхны аялалдаа оролцсон. Тэр үед их гоё байсан учраас би жил болгон оролцохыг хүсдэг болсон юм.

- Чамд шувуу ажиглаж явахын юу нь хамгийн их сонирхолтой санагддаг вэ?

- Надад нэг шувууны ном байдаг. Номноосоо харсан шувуугаа аялалаар явахдаа харах гоё санагддаг. Яагаад гэвэл номноосоо уншаад шувуудын талаар мэдээлэл авчихдаг юм. Харин шинэ шувуу харвал цээжлээд явдаг. Шувууг ажиглаад байхаар их хөөрхөн бас сүрдмээр харагддаг. Мөн би аялалаар явахдаа олон найзуудтай болж, хамтдаа цагийг үнэхээр зугаатай өнгөрүүлдэг нь надад сайхан байдаг. 

- Одоогийн байдлаар чи хэдэн шувуу мэддэг болсон бэ?

- Би 60 гаруй шувууг мэддэг болсон. Зун аав ээжтэйгээ хөдөө явахдаа олон шувуутай таардаг. Тэгээд аав ээждээ заримдаа мэдэхгүй шувууг нь хэлж өгдөг. Бас найзууддаа ярихаар тэд нар маш сайн сонсоод надаас олон зүйл асуудаг шүү.

- Чиний хувьд тэр олон хөөрхөн шувуудыг хамгаалахын тулд юу хийх ёстой гэж бодож байна?

- Хүмүүс байгаль орчноо бохирдуулаад сүйтгээд байвал шувуунд амьдрах орчин бүрдэхгүй. Үүнээс болж шувууд улам багассаар л байна. Тийм болохоор би шувуудыг хайрлаж, аюулгүй амьдрахад нь тусалж, хамгаалдаг хүн болохыг хүсдэг.

- Энэ жил ямар газруудаар явж шувуу ажиглах бол?

- Энэ жил бид нар зүүн аймгуудаар явж шувуу ажиглана гэсэн.

- Чамтай адилхан шувуунд хайртай, чам шиг шувуу ажиглаж үзэхийг хүсдэг найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

- Шувууг ажиглах үнэхээр гоё. Бид нар шувууныхаа талаар олон зүйлийг мэддэг болох хэрэгтэй. Шувуу байхгүй бол муухай. Зуны улиралд найзуудтайгаа зүгээр л тоглоод байлгүй олон шувууг харж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. 

Хүүхдийн боловсрол, хүмүүжилд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь эцэг эх байдаг. Тэгвэл энэ үүргээ биелүүлж яваа ээжийн төлөөлөл бол Д.Зэв хүүгийн ээж: 

Миний хүү орой бүр ном уншдаг хэвшилтэй болж, танин мэдэх их хүсэл нь нэмэгдсэн

- Таны хувьд хүүхэдтэйгээ хамт шувуу ажиглах аялалд явж, цагийг өнгөрөөхөд ямар санагддаг вэ?

- Миний хувьд хүүхэдтэйгээ олон аялалд явж байсан. Ингэж аялалд явснаар хүүхдүүд олон төрлийн мэдлэг, мэдээлэл авч, амьд байгалийг танихыг оролдож, хүүхдүүд шувуудыг хараад хөөрч баясаж байгааг нь харахад маш сайхан байдаг. Хүүхэдтэйгээ хамт шувуу ажиглахаар явахад цаг заваа зориулж буй болон хүүхдэдээ оруулж буй хөрөнгө оруулалт, насан туршийн дурсамжийг үлдээж байгаа хэрэг гэж боддог юм. Хүнд хүүхэд насны дурсамж гэдэг сайхан, гэгээлэг байдаг шүү дээ.

- Ер нь ингэж шувуу ажиглах нь хүүхдүүдэд ямар үр дүнтэй гэж бодож байна вэ?

- Би өөрийн хүүхдийн жишээн дээрээс харахад хоёрдугаар ангид байхад нь Гомбобаатар багш “Хурх хүйтний хөндийн шувууд” нэртэй ном бэлэглэсэн юм. Энэ номыг хүү минь маш шимтэн олон дахин уншиж, ном нь хуучраад бүр нэлээд элэгдчихсэн. Ингэснээр хүү минь шувуудаа таньдаг, бусдад шувууныхаа талаар ярьж өгдөг болсон. Дээрээс нь миний хүү орой бүр ном уншдаг хэвшилтэй болж, танин мэдэх их хүсэл нь нэмэгдсэн.

Одоогийн цахим ертөнц хүүхэд, гэр бүлийг, амьд байгалийг, амьд харилцааг улам бүр холдуулж байгаа нь анзаарагддаг. Шувуу ажигласны үр дүнд хүүгийнхээ байгальд татагдаж, амьтан хайрлаж байгааг харахаар хүүхдэд маань зөөлөн сэтгэлтэй, зөв хүн болох зам нь тавигдаж байна гэж боддог. Гэх мэтчилэн үр дүнгийн хувьд бол тоочиж барамгүй эерэг зүйл бий.

Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахад хүүхэд эх орноо танин мэдэх, бахархах, аялах дуртай болох их хүсэл тэмүүлэлтэй болж давхар хариуцлага, биеэ даасан байдал, дасан зохицох чадвар, тэвчээр зэрэгт суралцдаг юм билээ. 


Шувуу ажиглах аяллын бүртгэл эхэлсэн бөгөөд тус аялал нь нас харгалзахгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 80330068 утсаар авах боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.