Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хаан ширээг залгамжлахаасаа гурав хоногийн өмнө Тайландын хаан бие хамгаалагчаа хатан болгов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Тайландын хаан Маха Важиралонгкорн энэ долоо хоногийн Бямба гарагт хаан ширээнд албан ёсоор залрах гэж байгаа юм. Тэрээр 2016 онд нас барсан хаан эцгийнхээ залгамжлагч болон тодроод байгаа.

Тэгвэл 66 настай эзэн хаан өчигдөр хатантай болсноо гэнэт зарлажээ. Важиралонгкорн хааны хатан нь түүний торгон цэргийн ангийн дэд командлагч Сутхида юм байна.

 

Тайландын хааны ордноос гаргасан албан мэдэгдэлд тэднийг гэрлэлтээ саяхан батлуулсныг мэдээлсэн юм.

Өмнө нь Thai Airways компанид нисэх онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан Сутхидаг 2014 онд хааны торгон цэргийн дэд командлагчаар томилж байжээ. Эзэн хаан Важиралонгкорныг ханхүү байхаас нь эхлэн Сутхидатай дотно харилцаатай тухай цуурхал яригддаг байсан ч тэдний хэлхээ холбоо өчигдрийг хүртэл албан ёсоор ил болоогүй байжээ.

Одоо 40 настай Сутхида хатагтай нь эзэн хаантай гэрлэсэн дөрөв дэх бүсгүй юм.

Гэр бүлийн амьдрал нь тогтворгүйгээрээ алдартай шинэ эзэн хаан 1977, 1994, 2001 онуудад гурван удаа гэрлэж байжээ. Тэдгээр эхнэрүүдээс нь хоёр охин, таван хүү төрсний зөвхөн нэг хүү нь албан ёсоор угсаа залгамжлах ханхүүд тооцогддог байна.

 

Эх сурвалж: CNN