Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Денисовын хүний үлдэгдлийг Төвдийн өндөрлөгөөс илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бидний өвөг дээдэс Хомо сапиенсээс гадна Неандерталь, Денисовын хүн зэрэг хүний өөр төрөл зүйлүүд эрт цагт амьдарч байгаад устсан гэдэг.

Орчин үеийн хүний өвөг дээдсийг ирэхээс өмнө олон арван мянган жилийн турш Ази тивд амьдарч байсан гэж эрдэмтдийн үздэг Денисовын хүний үлдэгдэл зөвхөн Сибирийн Денисов нэртэй агуйгаас олдсон байдаг.

Тэгвэл хэсэг эрдэмтэд анх удаа Денисовын хүний үлдэгдлийг өөр газраас, тодруулбал Төвдийн уулсын агуйгаас олсноо зарлажээ.

Нээлтийн талаар өчигдөр “Nature” сэтгүүлд дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

1980 онд Төвдийн уулсын 3,280 метр өндөрлөгт орших Байшия Карст нэртэй агуйгаас олдож байсан эрүүний доод ясыг Денисовын хүнийх болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Сүүлийн үеийн технологиор насыг нь тогтооход 160,000 жилийн өмнөх гэж гарсан гэнэ. Судалгаанд оролцсон Германы Макс Планкын хүрээлэнгийн эрдэмтэн Жан Жак Хублин эртний хүний яс ийм өндөрлөг цэгээс олдсон нь цоо шинэ нээлт болохыг онцолжээ.

 

Эртний хүмүүс ихэвчлэн нам дор газар амьдарч байсан нь олдворуудаар батлагддаг бөгөөд хамгийн өндөр цэгээс тэдний яс олдсон тохиолдол нь 2,000 метрийн өндөрт байжээ. Гэхдээ эртний хүмүүс ийм өндөрт тогтмол амьдардаг байгаагүй, зуны улиралд тохиолдлоор ан гөрөө хийж явсныг нь олдворууд баталж байв.

Үүнээс гадна Денисовын агуйгаас олдсон хүн нь хүчилтөрөгч хомс орчин нөхцөлд амьдрах чадвартай ген агуулж байсныг судалж тогтоосон байдаг. Гэтэл Сибирийн агуй нь далайн төвшнөөс дээш ердөө 700 метр өндөртэй байдаг бөгөөд Денисовын хүнийг өндөр уулын бүсэд амьдарч байсныг батлах баримт өнөөдрийг хүртэл олдоогүй байв. Өнөөдөр Хималайн уулын бүсэд амьдарч байгаа төвдүүд болон шерпа угсааны хүмүүст мөн өндөр ууланд хүчилтөрөгч багатай агаараар амьсгалах чадвартай гений хувилбар байдаг нь тэдний өвөг дээдэс Денисовын хүмүүстэй эвцэлдсэний үр дүнд өвлөж авсан чадвар гэж эрдэмтэд таамагладаг.

Тэгвэл дээрх нээлт нь Денисовын хүмүүс Ази тив даяар, тэр дотроо өндөр уулсын эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөлд амьдарч байсныг баталж байна. Бас Хималайн уулсын оршин суугчид хэрхэн хүчилтөрөгчийн хомсдлыг тэвчих онцгой чадвартай болсон нь тодорхой болж байна.

Денисовын хүмүүсийг одоогоос 50,000 орчим жилийн өмнө устаж үгүй болсон гэж эрдэмтэд үздэг юм.

 

Эх сурвалж: BBC