Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Алт ачсан хөлгийн нэрээр залилан хийсэн этгээдүүдийг Өмнөд Солонгост шийтгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын шүүх хөрөнгө оруулагчдыг залилсан гурван бизнесмэнд хорих ял оноожээ.

Тус улсын Шинил групп хэмээх компани өнгөрсөн оны долдугаар сард Хаант Оросын “Дмитрий Донской” хөлгийг далайн ёроолоос олсноо зарлаж байв. 1905 оны Орос-Японы дайнд оролцож байсан уг хөлөг их хэмжээний алт тээвэрлэж яваад живсэн гэх цуу яриа байдаг.

Уг хөлгийг далайн ёроолоос гаргаж, их хэмжээний алт олох болсноо зарласан Шинил групп хөрөнгө оруулагчдаас 8.9 тэрбум вон ($7.6 сая) цуглуулж чаджээ.

“Дмитрий Донской” хөлөг 200 тонн алт тээвэрлэж явсан хэмээн тухайн үед Шинил групп мэдээлж байсан юм. Гэвч энэ нь оргүй худал зүйл болохыг Сөүлийн шүүх дүгнэсэн байна.

Өчигдөр тус группын дэд ерөнхийлөгчид 5 жил, өөр хоёр дээд албан тушаалтанд тус бүр 2 ба 4 жил шоронд хорих ял оноожээ.

“Дмитрий Донской” хөлөг 1905 онд Орос-Японы дайны шийдвэрлэх үе болох Цушимагийн тулаанд Оросын флот Японы армид ялагдсаны дараа живсэн юм.

Тэр цагаас хойш уг хөлгийг Оросын усан цэргүүдийн цалин хангамж, боомтуудын зогсоолын түрээс төлөх их хэмжээний алт тээвэрлэж явсан гэх яриа тарсан байна.

Хэрвээ энэ яриа үнэн бол өнөөдрийн ханшаар олон тэрбум ам.долларын үнэ цэнэтэй байхаар байлаа. Гэхдээ түүхчид, судлаачид нэг хөлөг онгоцоор их хэмжээний алт тээвэрлэх нь эрсдэлтэй, үүний оронд газраар буюу төмөр замаар Владивосток хүртэл тээвэрлэх нь илүү аюулгүй гэх зэргээр тайлбарлаж, цуу ярианд эргэлздэг байжээ.

 

Эх сурвалж: BBC