Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Үндэсний шуудан сонин
2019 оны 5 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг

Гадаадын иргэн, харьяатын газар уржигдраас гадаадын иргэдийн визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхэлжээ. Энэ талаар ГИХГ-ын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын мэргэжилтэн Д.Төрхүүгээс тодрууллаа.

-Хувийн урилга болон визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаадын иргэн, харьяатын газар 2017 оноос “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Манай үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах, гадаадын иргэдийн гаргасан зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авдаг. Эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах ажлыг үе шаттайгаар хийж байна.

Түүнчлэн 2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосон. Энэ хүрээнд манай байгууллага визний зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхлээд байна. Визийн зөвшөөрөл гэж Гадаад харилцааны яам, эсвэл ГИХГ-аас гадаадад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг. Тиймээс Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл, 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл, олон улсын хилийн боомт дээрээс авах бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн.

-Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж цахим үйлчилгээг яаж авах вэ. Хүсэлтийг хэд хоногт шийдвэрлэх боломжтой вэ?

-Манай газрын www.immigration, gov.mn сайт руу нэвтэрч, “Цахим виз” хэсэгт хандан хувь хүн, байгууллагын мэдээллийг бүртгүүлснээр энэ үйлчилгээг авах боломжтой. Эсвэл https://evisa.mn холбоосоор шууд нэвтэрч болно. Бүртгүүлсэн хэрэглэгч уг программд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцаж, үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээснээр бид хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм. Улмаар гурав хоногт багтаан цахим хаяг болон мессежээр илгээнэ.

Гэхдээ баримт бичиг заавал бүрэн байх ёстойг анхаарах хэрэгтэй. Визийн зөвшөөрөл нь виз олгохыг зөвшөөрсөн баримт бичиг боловч хилийн боомт дээр виз олгох үед хийх ярилцлага, визийн мэдүүлэгт мэдээлэл зөрүүтэй, зорилго өөр бол тухайн зөвшөөрөлд бичигдсэн визийг олгохгүй байж болно. Тиймээс энэ тал дээр хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл ирүүлэх хэрэгтэй.

Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалздаг хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал,

  • гадаадын иргэн, виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө нэг сарын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн,
  • Монгол Улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй,
  • виз олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй,
  • хуурамч бичиг баримт бүрдүүлсэн,
  • худал мэдүүлэг өгсөн,
  • мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг үндэслэл ордог.

-Цахим үйлчилгээний давуу тал?

-Товчхондоо бол ямар ч үйлчилгээг хялбаршуулдаг давуу талтай. Дэлхий нийтээр цахим хурд, технологийн дэвшлийг ашиглаж байна. Энэ утгаараа үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн иргэдэд ойр төрийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Өмнө нь иргэд материалын бүрдлээ авчирч өгөх болон хариугаа хүлээн авахаар ирдэг байсан бол одоо ирэх шаардлагагүйгээр хүсэлтийнхээ хариуг хүлээн авах боломжтой болж байна. Мөн цахим үйлчилгээний бас нэг давуу тал нь хүн хүнтэйгээ нүүр тулж харилцахгүй учраас тухайн ажилтан, үйлчлүүлэгчдийн хувийн зан, харилцаа нь үйлчилгээний түргэн шуурхай байдалд нөлөөлөхгүй зэрэг олон эерэг талтай.

Зураг