Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн түр хамгаалах байр болон "Өнөр бүл" хэмээх их айлын нэг өдөр

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
 

Түр хамгаалах байранд 32 хүүхэд байгаагийн зургаа нь СЭМҮТ-д эмчлүүлж байна

Хоёр, гурван настай болов уу гэмээр багачууд хүний өөдөөс харж чадахгүй далдирч, доошоо эсвэл хана руу харан нүүр буруулна. Ингэж хүний өөдөөс харж чадахгүй байгаа нь сэтгэл зүйн гэмтэл авсны наад захын шинж тэмдэг аж.

Цайвар ногоон, цэнхэр өнгийн ижил цамц жигдрүүлэн өмсгөсөн 10-аад хүүхэд ширээ тойрон сууж зураг зурж байлаа. Өрөө дүүрэн томчууд орж ирэхэд тэдний ганц нэг нь дугарна. Бусад нь чимээгүй доошоо эсвэл хана руу харсаар байв.

Хажуугийн өрөөнөөс хүүхдийн ханиалгах чимээ үл мэдэг сонсогдон, багш хаалгыг нээж орлоо. Өрөөнд хүүхдийн орон дээр ой гарантай гэмээр нярай унтаж, хажуугийн орон дээр гурав орчим настай хүү хэвтэж байв. Хүүгийн бие нэлээн зовуурьтай байгаа бололтой. Үе үе ханиалгана.

"Унтаж байгаа хүүхэд нэг ой хоёр сартай. Манайд байгаа хамгийн бага хүүхэд, хажуугийн хүүхэд ах нь байгаа юм. Энэ хоёр маань бас нэг ахтай. Аав ээж нь архины хамааралтай учраас манайд гурвуулаа байрлаж байгаад "Өнөр бүл" төв рүү шилжсэн. Гэтэл аав ээж нь хүсэлт гаргаад хүүхдүүдээ авсан байна лээ. Гэртээ хариад хоёр хоноод дахин хүчирхийлэлд өртсөн учраас манайд буцаад ирсэн. Ханиад хүрээд ирж ээ" хэмээн багш ярилаа.

Энэ бол Хүүхдийн тусламжийн 108 утастай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг Түр хамгаалах байрны нөхцөл байдлын нэгээхэн хэсэг.

 

108 дугаарт 2016 оноос эхлэн дуудлага мэдээлэл авч эхэлсэн бөгөөд ирж буй дуудлагуудын дагуу хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагад үндэслэн Түр хамгаалах байрыг 2017 оны хоёрдугаар сард байгуулжээ. Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, гудамжаар хараа хяналтгүй тэнэж байгаа хүүхдүүдийг авчирч асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг.

Тус дугаарт ирсэн дуудлагын дагуу хамгаалах байрны нийгмийн ажилтан болон цагдаагийн алба хаагч очоод, нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээ хийнэ. Ингээд аюулын зэргийн үнэлгээгээр дундаас дээш түвшинд буюу тухайн хүүхдийг орхиод явахад эрүүл мэнд, амь насанд нь аюул учрах магадлалтай гэж үзвэл эцэг эхээс нь зөвшөөрөл авахгүйгээр Түр хамгаалах байранд авчирдаг юм байна.

Хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийг нэг бүрчлэн сэтгэл зүйн тестээр үнэлж, шаардлагатай тохиолдолд СЭМҮТ-д хэвтүүлэн эмчилдэг аж. Одоогийн байдлаар тус байранд 32 хүүхэд байгаагийн зургаа нь СЭМҮТ-д эмчлүүлж байгааг зохицуулагч хэлсэн юм.

Хамгаалах байрны журамд хүүхдийг 3-7 хоног байрлуулна хэмээн заасан байдаг ч энэ хугацаанд асуудал шийдэгдэх ямар ч боломжгүй.

Хамгаалах байранд хүүхдэд наад захын эрүүл мэндийн үйлчилгээнээс авхуулаад нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг. За тэгээд удаан хугацаагаар тэнэсэн хүүхдийн бөөсийг түүгээд суух бол эндхийн ажилтнуудын өдөр тутмын ажил.

Энд тулгамдаж байгаа хоёр том асуудал байгаа. Эхнийх нь 0-3 настай хүүхэд ирэхэд нэг нийгмийн ажилтан дагнан хооллож, хувцаслаж, тэвэрч унтуулах болдог. Хүн хүч дутагдана, эрүүл мэндийн хувьд ч нярай хүүхэд эрсдэлтэй. Дараагийн асуудал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирэхэд үүсдэг. Эцэг эхийнхээ хэн нэгэнд гологдож, хаягдсан хэзээ ч сэргэхээргүй хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийг хүлээж аваад хэвтүүлэх зориулалтын ор ч энэ байранд байхгүй” хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлж байв.

108 дугаарын утсанд 2017 онд 147 мянга, 2018 онд 174 мянган дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Нийт дуудлагын 40 орчим хувьд хүүхдүүд болон, эцэг эх асран хамгаалагчийн зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлага байдаг аж. Харин нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлдэг зорилтот бүлгийн дуудлагад гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний нэг нэгэндээ үзүүлж буй болон цахим орчин дахь  дарамтын талаар мэдээлэл зонхилдог юм байна.

Түр хамгаалах байранд 2017 онд 327, 2018 онд 995 хүүхдийг авчирчээ. Хэрвээ түр хамгаалах байр байгаагүй бол тэдгээр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх байсан бол...

"Өнөр бүл"-ийн хүүхдүүд гэр бүлтэй дүйцэх орчинд амьдарч байна

 

Монгол Улсад хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг 31 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1,000 орчим хүүхэд байгаагийн 200 орчим нь "Өнөр бүл" төвд амьдардаг.

Тус төвийн хүүхдүүдээс авсан судалгаагаар хоолондоо цаддаггүй гэх гомдол зонхилдог, мөн 15, 16 настай хүүхдүүд мөнгөний тоо мэддэггүй, 18 настай төгсөөд явахдаа хоол хийж чаддаггүй, гэр ахуйн ажилд суралцаагүй байдаг байжээ. Тиймээс 2017 оноос байрны дотоод зохион байгуулалтаа өөрчилж, зэргэлдээ хоёр өрөөг нийлүүлэн айлын дотоод зохион байгуулалттай ижлээр тохижуулсан байна.

Гэрт нь унталгын өрөө, гал тогоо, том өрөө үүдний коридор байх бөгөөд хүүхдүүд гэртээ хоолоо хийж, хувцсаа угаахаас эхлүүлээд ахуйн ажилд суралцаж эхэлжээ.

 

"Өнөр бүл" төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг "Хүүхдүүдэд өмнө нь бүх зүйлийг нь бэлдэж өгөөд дөрвөн ээжлийн тогооч ажиллаж, цагаар хооллодог байсан. Гэтэл хүүхдүүдээс өлсөж, цангаж байгаа талаар гомдол ирдэг, нийгмийн зүгээс ч "Өнөр бүл"-ийн хүүхдүүд амьдрах ухаанд суралцаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэх шүүмжлэл ирдэг байсан.

Тиймээс гэр бүлтэй дүйцүүлэх орчин хэрэгтэй юм байна гэж үзээд байрандаа засвар хийж тохижилтоо өөрчлөөд хоёр жил болох гэж байна. Ингэхдээ хүүхдүүдийг тав таваар нь нэг гэрт байрлуулж, долоо хоногтоо нэг удаа хүнсийг нь тарааж өгдөг болсон. Хүүхдүүд хуваарилалтаа хийгээд, ээлжлээд хоолоо хийж байна. Хүүхдүүдээс ирдэг байсан өлсдөг талаар гомдол бүр тасарсан.

Түүнчлэн хүүхдүүд тайван, бие биедээ тусалдаг болж, сурлагын хувьд ахиц дэвшил гарч, эд хогшилтой харьцаж сурах гэх мэт эерэг үр дүн гарч байгаа учраас цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна" хэмээн ярилаа.

Хүүхдүүдийг насны ангилалаар хоёр байранд хувааж байрлуулдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 188 хүүхэд "Өнөр бүл" төвд амьдарч байна.

Олон жил үйл ажилллагаа явуулж байгаа тус төвийн хувьд эерэг үр дүн дагуулж буй зохион байгуулалтаа үргэлжлүүлж, хүүхдүүдээ 10 гаруй төрлийн дугуйланд хамруулан, амьдрах ухаанд суралцуулахыг зорьж байгаагаа хэлж байв.