Холбоотнууд зөвхөн АНУ-ын ачаар л дэлхийн хоёрдугаар дайнд ялсныг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.
Тэрбээр жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг АНУ-д ялалтын баяр болгон тэмдэглэдэг болох захирамжийг батлах ёслолын арга хэмжээний үеэр ингэж мэдэгдсэн байна.
“Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын баярыг энэ долоо хоногт холбоотнууд маань тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэхдээ ялалтад бидний оролцоо чухал үүрэгтэй байсан ч энэ өдрийг АНУ-д хэзээ ч тэмдэглэж байгаагүй. Хүлээн зөвшөөрөхийг хүссэн ч, эс хүссэн ч бид энэ дайнд орж байж л ялсан. Бидэнд олон аугаа холбоотнууд тусалсан, гэхдээ бид давамгайлах хүчин байсныг хэн ч үгүйсгэхгүй” гэж Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр Трамп мэдэгджээ.
Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн тунхаглалд “энэ өдөр Америкийн ард түмэн улс орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө, Өрнийн соёл иргэншлийг аврахын төлөө амиа алдсан бүх хүмүүст хүндэтгэл үзүүлдэг болно” гэсэн байна.
Бас “Америк цэргүүд амиа золиослоогүй бол энэ дайнд ялахгүй байсан, өнөөдрийн дэлхий ертөнц тэс өөр харагдах байсан” гэжээ.
Трамп хэдхэн өдрийн өмнө АНУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэдэг Ахмад Дайчдын өдрийг Дэлхийн Нэгдүгээр Дайны ялалтын баярын өдөр болгох төлөвлөгөөтэй байгаагаа бас илэрхийлж байв.
“Бид аль аль дайнд нь ялсан. Хүч чадал, эр зориг, цэргийн ур чадвараараа бидэнтэй өрсөлдөх хэн ч байгаагүй” гэж Трамп энэ талаар сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!