Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хойшлууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхээр байсан ч ирэх долоо хүртэл хойшлууллаа.

Учир нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байсан Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байхад нь шууд чөлөөлж, дараагийн хүнийг томилох боломжгүй. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын чөлөөлөгдөх хүсэлт болон шинэ даргын томилгооны асуудлыг хэлэлцэхээр болсон байна. 

Эргэн сануулахад, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь өөрийн эзэмшлийн компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан дуулианд холбогдсон. Улмаар албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн юм. Энэ дагуу Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан билээ.  

Энэ талаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд "Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би  2018 оны 11 дүгээр сарын 14-нд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай уулзаж, төрийн өндөр албан тушаал хаших ёс зүйн эрхгүй талаар өөрт нь хэлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан.

Ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 дахь заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас холбогдох мэдээллийг авсан. Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор гэмт хэрэгт сэжиглэгдсэн болон шүүхийн шийдвэр гарах хүртэл Улсын Их Хурал албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албан тушаалаас нь огцруулна” гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас  түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавьсан” гэж байсан билээ.