Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Богд уулын дархан цаазат газрыг нөхөн сэргээх "Нэг байгууллага Нэг ой" төслийг хэрэгжүүллээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
 

Богдхан уулын Дархан цаазат газрын ойг нөхөн сэргээх зорилгоор Төр хурахын аманд мод тарих үйл ажиллагааг 2019 оны  4-р сарын 28-ны  Ням гарагт зохион байгууллаа. Уг арга хэмжээг Зориг сангаас ес дэх жилдээ хэрэгжүүлж буй Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн оролцогч, “НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ ОЙ” төслийн багийн дөрвөн залуу санаачлан хэрэгжүүлсэн байна.

Энэхүү үйл ажиллагаанд албан байгууллагууд мод тарих багцаас сонгон оролцсон бөгөөд харин хувь хүмүүс Төр хурахын ам буюу мод тарих талбай дээр очин суулгац худалдан авч тарьж оролцсон юм. Энэ нь 2019 оны эхний олон нийтийг хамарсан мод тарих арга хэмжээ байлаа.

Нийгмийн хариуцлагыг тогтвортой хөгжил рүү уриан дор хэрэгжиж буй “НЭГ БАЙГУУЛЛАГА НЭГ ОЙ”  төслийн хүрээнд Магнай Трейд ХХК хамт олноороо оролцон өөрсдийн нэрэмжит төгөлийг үүсгэсэн бол хувь хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө оролцон нэг өдрийг цэвэр агаарт мод тарьж, байгаль дэлхийгээ нөхөн сэргээх ажил хийж өнгөрүүллээ. 

Мод тарих заавар зөвлөгөөг иргэдэд төслийн багийнхнаас гадна ХААИС-ийн багш нар болон оюутнууд өгч ажилласан бөгөөд ШУА-ийн ХХТХ-ийн Хими клубийнхэн ба Polaris бүжгийн клубийнхэн мод тарих ажилд оролцон ажиллажээ.

Уг төсөлд хэрэглэсэн суулгацыг PPRS технологиор тарьсан буюу амьдрах чадвар сайтай, ургалтын эрчим өндөртэй суулгац хэрэглэсэн гэдгээрээ онцлог юм.Мөн мод тарьсан хувь хүн бүрийн модыг QR коджуулсан ба бар кодыг уншуулбал тухайн модыг тарьсан хүний нэр болон огноо, тарьсан газрын байршил, ургалт болон үр ашгийн талаарх мэдээлэл гардаг байна.

Харин албан байгууллагын хувьд модыг тарьсан байгууллагын нэр харагддаг байна.Тэд усалгаандаа MCS CocaCola ХХК-ийн 98% цэвэршүүлсэн саарал усыг ашигласан нь мөн л байгаль орчиндоо ээлтэй арга хэмжээ юм. Өдөрлөгийн үеэр BonAqua болон Хужирт брэндүүд уух усаар ивээн тэтгэж ажилласан байна. Мөн С1 телевиз Mild cosmetic компани хамтран “ТАМХИНЫ ИШГҮЙ УЛААНБААТАР” аяны хүрээнд галд шатдаггүй материалаар хийгдсэн тамхины үнс, хог хийх халаасны уут буюу халаасны хогийн савыг мод тарьсан хүн бүрт бэлэглэжээ.

Модны суулгацын нүхийг ухахад Шарк Танк нэвтрүүлэгт оролцсон Ногоон Өрөм ХХК хамтарч ажиллалаа. Энэхүү мод тарих өдөрлөгт нийт 200 гаруй хүн оролцож мод тарьсан бөгөөд төслийн багийнхан энэ өдөр тарьсан моднуудыг цаашид 3 жил арчлан усалж ургалтад нь анхааран ажиллах юм байна.

Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөр нь анх 2009 онд хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй 22-25 насны залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар залуус байгаль орчинд үүсэж буй асуудлуудын талаар мэдлэгээ дээшлүүлэхийн хажуугаар төслийн багт хуваагдан ажиллаж төсөл хэрэгжүүлэх арга барилд суралцахын зэрэгцээгээр багаар ажиллах чадвараа нэмэгдүүлдэг байна.

Энэ жилийн байгаль орчны манлайлал хөтөлбөрт Богдхан уулын ДЦГ-ын ойг нөхөн сэргээх зорилготой “Нэг байгууллага= Нэг ой” төслөөс гадна Хаягдал хулдаасан хэвлэл буюу анонсыг дахин боловсруулж уут тор хийх “Ананас” төсөл; Олон нийт, ард иргэдийн хэрэглэсэн хаягдал батарейг цуглуулж аюулгүй болгох“Bioterry” төсөл; Хуванцрыг хэрэглээг бууруулах зорилгоор хулсан сойз хийх “Хулсан сойз” төсөл буюу байгаль орчинд ээлтэй олон сонирхолтой төслүүд хэрэгжиж байгаа ажээ.