Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Мягмардорж: Өнөөдөр 24 бог, найман бод хулгайлсан хүн хэдхэн өдөр цэвэрлэгээ хийгээд л ялаас мултрах гээд байна

О.Дашням, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 1
Өдрийн сонин
Зураг зураг

Хуульч Э.Мягмардоржтой ярилцлаа.

-Мал хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Зундуйн Дорж гуай 1993 онд Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр заалтад мал хулгайлах гэмт хэргийн заалтыг оруулж байсан юм билээ. Үүнийг "Зундуйн Доржийн заалт" ч гэж хуулийн хүрээнийхэн ярьдаг шүү дээ. Энэ заалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Анх гэмт хэрэг дотор хулгай гэдэг нэг л зүйлээр бүх төрлийн хулгайг зүйлчилдэг байсан. Үүнийг малын хулгай гэдэг тусгай зүйл анги болгож Зундуйн Дорж гуай санаачилж 1993 оны Эрүүгийн хуульд оруулсан юм. Үүнээс хойш малын хулгай тодорхой хэмжээнд буурсан л даа. Мал бол сандал, ширээ шиг эд зүйл биш. Өсөж үрждэг амьдралын эх үүсвэр байхгүй юу. Цаашилбал улс орны эдийн засгийн хөгжлийн хамгийн гол салбар. Тухайлан ач холбогдол өгч хамгаалахгүй бол орон байрны хулгайтай адилтгаж үзвэл малын хулгай буурахгүй байсан л даа.

-Энэ хуулийн заалтыг эвдэхгүй цааш нь боловсруулж авч явахын тулд төр засгаас ямар ажил хийх шаардлагатай байна. Энэ хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орж нэлээд цоорхойтой харагдах юм. Малын хулгай ч зах замбараагаа алдлаа?

-Махны үнэ нэмэгдэж борлуулах суваг сайжирчихлаа. Энэ жил мал хулгайлах гэмт хэрэг 80 орчим хувиар нэмэгдсэн байна лээ. Огцом нэмэгдэж байгаа нь махны үнэ нэмэгдсэн, мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлого сул байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн л дөө. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн хүндрүүлэх нөхцөлөө наймаас дээш тоотой бод, 24-өөс дээш тоотой бог хулгай хийвэл хорино гэж үзэж байгаа юм. Наймаас доош бод, 24-өөс доош бог хулгайлахаар гурван төрлийн ял хүлээнэ.

Нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих гэсэн заалттай байна. Ихэнх тохиолдолд шүүгч нар зөрчлийн хэмжээ их биш гэж үзээд гол төлөв нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл зорчих эрхийг нь хязгаарлаад тавьж явуулаад байна л даа. Иймээс л хулгайчид үйлдлээ давтаж хийгээд яваад байна.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Зундуйн Дорж сан”-гийн тэргүүн О.Батханд нар 17.12 дугаар заалт хэтэрхий хөнгөн байгаа талаар хэвлэлийн хурал хийж байсан. Үүнийг та яаж харж байгаа вэ. Тус хуульд ямар өөрчлөлт хэрэгтэй байна?

-Өнөөдөр гурван бод хулгайлсан хүн хоёр өдөр хог цэвэрлээд ялаас мултрах гээд байна. Зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хоёр янзын өөрчлөлтийг энэ хуульд хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн тустай хөдөлмөр эрхлэх гэдэг ялыг энэ хуулиас авч хаямаар хэрэгтэй. Зорчих эрхийг хязгаарлалаа гээд айлын хулгайд алдагдсан мал буцаад ирэхгүй. Хохирол барагдахгүй.

Нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлнэ гэхээр cap орчим хориод, гудамж цэвэрлүүлж байгаад тавиад явуулчихаж байгаа юм. Мал хулгайлбал зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай болмоор байна. Хүний амьжиргааны эх үүсвэр, олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийж байгааг ноцтой гэмт хэрэг гэж үзэж хорих ял оноох нь зүйтэй.

Хоёрдугаарт найман бод, 24 бог гэж заасан тоог багасгамаар байна. Хэд байвал зохимжтойг нь судлах шаардлагатай. Айлын найман нас бие гүйцсэн шар үхэр хулгайлах нь их хэмжээний хохирол байхгүй юу. Хохирол учруулбал л эрүү үүсдэг байхаар заасан ч бага хэмжээний хохирол учруулахад ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна.

Зөрчлийн хуулинд мал хулгайлах гэдэг тусгай зүйл анги оруулаагүй. Зөрчлийн хуулинд мал хулгайлах зүйл оруулах хэрэгтэй байгаа. Үүнд Зундуйн Дорж сангийн зүгээс их ажил хийхээр төлөвлөсөн нь талархууштай.

-Зөрчлийн хуулинд оруулснаар ямар ач холбогдолтой вэ?

-Зөвхөн ийм тооны мал хулгай хийсэн тохиолдолд хулгай гэж үзэж, баривчлах, учруулсан хохирлыг эргэн төлүүлэх, арга хэмжээнүүд зөрчил гэж үзэхгүй байгаа учраас хаягдаад байна. Зөрчлийн тухай хуулинд орохоор одоогийн зохион байгуулалтад орсон мал хулгайлах гэмт хэрэгт ашиглаж байгаа техник хэрэгслүүдийг улсын орлого болгож хураана.

Богино хугацаанд Захиргааны хариуцлагын хүрээнд баривчлах шийтгэлийг оногдуулж өгнө. Хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай.

-Малын хулгайчдын арга нарийсаж бүлгээрээ машин техник хэрэглэж утсан холбоо ашигладаг болсон байсан. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар чангаруулахаас гадна гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хууль зүйн яам Засгийн газрын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг улсын хэмжээнд далайцтай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Энд алга болсон малын мэдээллийг улсын хэмжээнд сүлжээ үүсгэж амьд байхад нь олж авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Цагдаа, малын эмч нар нийлсэн улсын хэмжээний мэдээллийн сүлжээ бий болгох хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн орон нутаг бүртээ ЗДТГ, ИТХ, цагдаагийн байгууллагууд мэдээллийн оператор компаниудтай хамтраад мал бүхий иргэдийн хооронд байгуулсан хөршийн холбоог төрөөс дэмжээд санхүүжүүлж бүх талаар урамшуулах хэрэгтэй байна.

-Сумын төлөөлөгч малын хулгайчтай хөөцөлдөхөд техник тоног төхөөрөмж дутмаг байгаа харагддаг. Улсаас төдийлөн дэмждэггүй шүү дээ?

-Өнөө цагт малыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлдаг болсон. Унаагүй цагдаа нар тэднийг хөөгөөд баривчилж чадахгүй. Цагдаа нарт чанарын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл хэрэгтэй. Дээрээс нь малчдын сонор сэрэмж чухал үр нөлөөтэй. Айл хөршөөрөө нийлж тогтмол малаа хариулах хэрэгтэй. Иргэд сэжиг бүхий гадны машин орж ирэхэд л нэгэндээ хурдан мэдээлээд өгөх гэх мэтээр хамтын ажиллагаа шаардлагатай байгаа.

-Малын хулгайтай холбоотой хуулийн заалтыг зайлшгүй өөрчлөх цаг иржээ. Сүүлийн жилд л гэхэд малын хулгай 80 гаруй хувиар өссөн тухай та яриандаа дурдсан шүү дээ?

-Зайлшгүй өөрчлөх цаг нь ирээд байна. Махны үнэ өслөө, экспорт ч нэмэгдсэн. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Энэ нөхцөлүүд малын хулгайг гаарахад хүргэж байна шүү дээ. Хүний амь малаас доор үнэтэй болжээ. Гэр бүлээр нь хөнөөгөөд малыг нь хулгайлаад аваад явчих тохиолдлууд гараад байна. Зөвхөн малын хулгай хийж амь амьдралаа залгуулдаг хүмүүс хүртэл бий болжээ. Хүн бүл цөөтэй хөдөөний малчин айлууд дангаараа тэмцээд үүнийг хүчрэхгүй. Иймд төрөөс зохион байгуулалттай тэмцэх шаардлагатай.

Зураг