Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Үхэх тухай бодлыг минь гэрэлтэй ирээдүйн төсөөлөл болгож өгсөнд баярлалаа"

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
 
`Үжин` төв охидын өрөө

Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдолд гэм буруутай этгээд шүүхээр шийтгүүлээд хэрэг хаагддаг жишиг саяхныг хүртэл байжээ. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх, тэр дундаа сэтгэл зүйд нь үүссэн эмгэгийг засах, хэрэг гарахаас өмнөхтэй адил нөхцөлд аваачих ажил огт хийгддэггүй байсныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэллээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг. Ихэнх хүүхэд ураг төрлийн хүндээ хүчирхийлүүлсэн байдаг учраас гэрээс нь тусгаарлаж эмчлэх шаардлагатай байдаг аж. Тиймээс сэтгэл засал, нийгэмтэй холбон зуучлах эмчилгээ, үйлчилгээг цогц байдлаар нь хүргэх зорилгоор энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг нээлттэй тендерээр сонгон шалгаруулжээ.

Тендерт шалгарсан "Үжин" төв 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ноос үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл нийт 13 хүүхэд хүлээн авснаас зургааг нь эргэн гэр бүлд нь нэгтгэжээ.

Тус төв 2-13 насны хүүхдүүд хүлээн авах стандарттай хэдий ч улсын хэмжээнд өөр ижил төрлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага байхгүй учраас өнөөдрийн байдлаар 7-17 насны долоон хүүхэд тус төвд байрлаж байна.

Тухайн хүүхдийн хохирсон нөхцөл байдал, хүчирхийлэл хэр хугацаагаар үргэлжилсэн эсэхээс шалтгаалан эмчилгээний хугацаа ялгаатай бөгөөд нэг хүүхдийг 12 сар хүртэл хугацаагаар байрлуулан эмчлэх боломжтойг тус төвийн зохицуулагч С.Буянхишиг хэлж байв.

"Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүрт чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна"
 

"Үжин" төв гурван ээлжийн нийгмийн ажилтан, нэг зохицуулагчтай бөгөөд СЭМҮТ-ийн эмч, сэтгэл засалч болон хоёр хуульчтай гэрээгээр хамтран ажилладаг юм байна.

2018 оны арваннэгдүгээр сард тус төвд ирсэн нэгэн охинд дээрх мэргэжилтнүүд эхний ээлжинд 90 хоногийн эмчилгээ шаардлагатай хэмээн үзэж байжээ. Гэсэн ч охины сэтгэл зүйн байдал сайжирсаар эмчилгээний 74 дэх өдөр өгсөн сэтгэл зүйн сорилоор нь маш өөдрөг хариу гарсан байна. Охин том байшин зураад тэндээ асрамж, халамжийн төв ажиллуулах хүсэлтэй байгаа, өөртэйгөө адил асуудалтай тулгарсан хүүхдүүдэд туслах ажил хийхийг хүсэж байгаагаа ярьжээ.

Ингээд зогсохгүй "Сэтгэл засалч болж, олон хүүхдэд тусалмаар байна. Сэтгүүлч болж ийм зүйл байж болохгүй гэдгийг гэмт хэрэг хийх гэж байгаа хүмүүст ойлгуулмаар байна" хэмээн ярьжээ.

"Амиа хорлох талаар ярьж байсан хүүхэд 74 хоногийн эмчилгээний дараа өөрийнхөө ирээдүйг сайхнаар төсөөлж, өөртэйгөө адил хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд туслах зорилго тээж байна. Энэ бол нэг л жишээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн улмаас шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол гэхэд л 1,000 гаруй байгаа. Тэр хүүхдүүдэд бүгдэд нь ийм эмчилгээ, үйлчилгээ хүрэх ёстой. Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээг өргөжүүлэх чиглэлд зорьж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд бүрд хүрч, чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна" хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэлж байв.

Түүнчлэн нэг хэргийн адил тохиолдол дээр хоёр шатны шүүхээс өөр өөр шийдвэр гардаг, шүүхийн шийдвэр ялгамжтай байдаг тохиолдлыг таслан зогсоохоор ГБХЗГ-аас нийслэлд 12 өмгөөлөгчийг яг энэ хэргээр дагнан ажиллуулаад эхэлжээ. Цаашид аймаг тус бүрт 3-4 өмгөөлөгчийг дагнан ажиллуулахаар мөн бэлтгэж байгаа юм байна. Түүнчлэн хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах зардлыг буруутай этгээдээр гаргуулж авдаг байх стандартыг 2019 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

"Үжин" төвтэй танилцаж, холбогдох албаныхнаас мэдээлэл аваад гартал, тус төвд амьдарч буй хоёр хүүхэд сэтгүүлчтэй ярилцаж, өөрт тохиолдсон явдал дахин өөр хүүхдүүдэд битгий тохиолдоосой хэмээн сэрэмжлүүлэг хүргэхийг хүсэж буйгаа хэлсэн юм.

 
`Үжин` төв охидын өрөө

"Миний эрхийн төлөө надад хэрэгтэй бүхнийг хийж өгч байгаа"

"Үжин" төвд зургаан сар амьдарч буй 17 настай охин "108 утасны дэргэдэх түр хамгаалах байранд очоод, тэндхийн багшаас "Үжин" төвийн талаар мэдээлэл аваад ирсэн. Энд ирэх үедээ амьдрах хүсэлгүй, цаашдаа юу хийх талаар хүсэл тэмүүлэлгүй болсон байсан. "Үжин" төвд ирээд зургаан сар болж байна. Хамгийн түрүүнд эндхийн багш, ажилчдад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний эрхийн төлөө надад хэрэгтэй бүхнийг хийж өгч байгаа. Энэ төв шиг олон байгууллага ажиллаж, бидэн шиг, биднээс ч хүнд асуудалтай олон хүүхдийн замыг гэрэлтүүлэхийн төлөө ажиллаасай гэж хүсэж байна.

Миний ирээдүй их гэгээлэг төсөөлөгдөж байгаа. Том болоод маш алдартай сэтгэл засалч болохыг хүсэж байна. Сэтгэл засалч гэдэг хүний амийг гар дээрээ авч явдаг маш хүнд мэргэжил хэдий ч олон хүний амьдралыг эергээр өөрчилж чаддаг учраас энэ мэргэжлийг сонгосон.

Өсвөр насны хүүхдүүд аав, ээжээсээ маш их юм нуудаг. Тиймээс битгий аав, ээжээсээ юм нуугаарай, зориглоод ярилцах гээд хичээвэл аав, ээж чинь ойлгоно гэж үе тэнгийнхэндээ хэлмээр байна. Бас эцэг, эхчүүд хүүхдүүдээ битгий хайраар дутаагаарай, хүүхдээ жоохон юм чинь юу ч ойлгохгүй гэж битгий бодоорой, ярилцаарай. Хүүхдүүд ухаантай шүү" хэмээв.

"Ганцаараа шаналаад хэцүү байх үедээ үхэхээс өөрийг боддоггүй байсан"

"Үжин" төвд хоёр сар амьдарч буй 15 настай охин "Манай багш нар өдөр бүр бидэнтэй ярилцдаг. Тэд эгч шиг, ээж шиг санагддаг. Анх ирснийхээ дараа гэр рүүгээ харимаар санагддаг байсан бол одоо энд гэр маань байгаа юм шиг санагддаг болсон.

Бидэнтэй адил асуудалд орсон хүүхдүүддээ хандаж хэлэхэд битгий энэ тухайгаа нууж, ганцаараа дотроо шаналаад яваарай. Өөрийнхөө төлөө 108 руу хандаарай, "Үжин" төв дээр ирээрэй.

Ганцаараа шаналаад хэцүү байх үедээ үхэхээс өөрийг боддоггүй байсан. Одоо бол ирээдүйгээ сайхнаар төсөөлж байгаа. Би цагдаа болно. Нүднээс далдуур гардаг гэмт хэргүүдийг олж илрүүлдэг болохыг хүсэж байна" хэмээн ярилаа.



Албан ёсоор энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй ганц байгууллага болох "Үжин" төв зургаан сарын хугацаанд 13 хүүхдэд тусалсан. Тус төв хэдийгээр зургаан хүүхэд хүлээж авах боломжтой ч шаардлагатай гэж үзвэл эвхдэг ор дэлгээд хүүхдүүд хүлээж авдаг байна.

Гэтэл сүүлийн гурван жилд л гэхэд хүүхэд хүчирхийлсэн 1,000 гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр бүх тохиолдолд өртсөн хүүхдүүдийн хэд нь бие болоод сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж, үхэх талаар бодлоо гэрэлтэй ирээдүйн төсөөлөл болгож чадсан бол...