Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосноор үүсэж болох ДОЛООН ЭРСДЭЛ

ikon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
Монголбанкны гаргасан мэдээгээр 2018 оны эцсийн байдлаар банкны зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү төгрөгийнх 17.1%, ам.долларынх 10.5%, хадгаламжийн жилийн жигнэсэн дундаж хүү төгрөгийнх 12%, ам.долларынх 2.4% байна. Энэ нь 2018 оны зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүү жилд төгрөгийнх 5.1%, ам.долларынх 8.1% гэсэн үг.

Монгол Улсын нийт санхүүгийн салбар нь банк, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн систем, даатгал, хадгаламж зээлийн хоршооноос бүрдэх бөгөөд 2018 оны эцсийн байдлаар эдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 37.4 их наяд төгрөг байв. Үүнээс

  • Банкны салбар дангаараа 88.4%
  • Хөрөнгийн зах зээл 6.72%
  • ББСБ-ын салбар 3.43%
  • Даатгал 0.91%
  • Хадгаламж зээлийн хоршоо 0.54%-ийг тус тус эзэлж байна.
Өөрөөр хэлбэл, нийт санхүүгийн салбарын 88.4%-ийг банкны салбар эзэлж байгаа юм. Гэхдээ банкны салбарын зээлийн жигнэсэн дундаж төгрөгийн хүү жилд 17.1%, цэвэр хүүгийн зөрүү төгрөгөөр 5.1% байгаа нь нийт санхүүгийн салбарт хүүгийн түвшин өндөр, мөнгө хүүлж байгаа гэж ажиглагдахгүй байна. Санхүүгийн салбарын Хөрөнгийн зах зээл, Даатгалын эзлэх хувь 7.63% буюу зээл олгодоггүй. Харин хамгийн их хэл ам дагуулдаг ломбард, өдрийн зээлийн үйлчилгээ нь санхүүгийн салбарт төдийлөн их нөлөөгүй буюу бага хэмжээтэй салбар.
 
Өндөр хүүтэй ББСБ-ын салбарын хувьд нийт зах зээлийн 3.43%-ийг эзэлдэг бөгөөд зээлийн жигнэсэн дундаж сарын хүүгийн түвшин 2016 онд 4%, 2017 онд 3.4%, 2018 онд 3.2% болон буурсаар иржээ. Энэ салбар нь банкны салбарын шаардлага хангахгүй, эсвэл банкны шаардлага хангах, зээлийн түүхээ сайжруулах гэсэн иргэд, аж аухйн нэгжид түр буюу богино хугацааны зээл олгох байдлаар ажилладаг юм.
 
Банк бус санхүүгийн байгууллагын зах зээл хэдийгээр жижигхэн ч Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны тайлангаар 539 ББСБ-аар 1.6 сая харилцагч үйлчлүүлж байгаагийн 239.1 мянга нь зээл авагчид бөгөөд авсан дундаж зээлийнх нь хэмжээ бага байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын зах зээл нь банкны шаардлага хангахгүй харилцагчдад үйлчилгээ үзүүлдгээрээ санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж буй чухал салбарын нэг юм. 2018 оны Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад ББСБ-уудын нийт хөрөнгийн өгөөж жилийн 9%, өөрийн хөрөнгийн өгөөж 11.7%-тай байгаа нь хэт ашиг олсон гэж дүгнэхээр үзүүлэлт биш бөгөөд энэ өгөөж нь банкуудын хадгаламжийн жилийн жигнэсэн дундаж хүүнээс бага байна.
 
Эндээс харахад санхүүгийн салбарын хувьд хэт өндөр хүү тогтоох, хэт өндөр ашгийн хувь авч байгаа гэсэн яриа нь үндэслэл багатай юм. Харин нийт санхүүгийн салбарт хувийн жин бараг эзэлдэггүй ломбард, өдрийн зээл гэх мэт үйлчилгээний иргэдийн хөрөнгийг өөр дээрээ барьцаанд авдаг, дур мэдэн худалдан борлуулдаг, иргэдийн аргагүй байдлыг далимдуулж, өндөр хүү тогтоодог зэрэг муу арга барил нь нийт санхүүгийн системд муу нөлөө үзүүлж байна.
 
Банк болон ББСБ-ын салбар нь иргэдэд санхүүгийн иж бүрэн үйлчилгээг аль болох хүртээмжтэй, амархан хүргэх тал дээр дэвшилттэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн зээлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрт хураан авахад шүүх, шийдвэр гүйцэтгэлийн хуулийн дагуу найман жил хүртэл сунжирдаг, төлүүлж чаддаггүй хууль эрх зүйн орчинтой нөхцөлийг харгалзан үзвэл эрсдлийг сайн удирдаж ажиллаж байгаа гэж үнэлж болно.
 
Зээлийн хүүгийн дээд хэмжээг зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн түвшинтэй ойролцоо, эсвэл түүнээс доош тогтоовол дараах ДОЛООН сөрөг үр дагавар гарах боломжтой гэж үзэж байна. Үүнд: 
  • Хадгаламжийн хүү дагаж албан хүчээр буурах, хадгаламж эзэмшигчдийн хувьд төгрөгийн хангалттай өгөөж авч чадахгүй нөхцөлд төгрөгийн хадгаламжийг ам.долларын хадгаламж руу шилжүүлэх, ингэснээр эдийн засагт зохиомол долларжилт болж, ам.долларын зохиомол хэрэгцээ бий болсноор ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах, ингэснээр иргэдийн бодит орлого буурна. 
  • Банкууд эрсдэлд зохистой түвшний хүүгээр зээл олгож чадахгүйгээс болж илүү эрсдэлтэй гадаад болон дотоодын зах зээл дээр валют арилжаа, бонд, үнэт цаасны үйл ажиллагаа эрхэлж томоохон эрсдэлд орж, 2008 оны Голдман Сакс компани болон түүний дараа өрнөсөн үйл явдлуудын жишгээр эдийн засагт томоохон эрсдэлд орж болзошгүй. 
  • Эдийн засагт санхүүгийн үйлчилгээний хүртээмж буурч, санхүүгийн салбарт зээл авах боломжтой болон зээл авах боломжгүй гэдэг иргэдийн ангилал үүсэж, зээл авах боломжтой иргэд нь зээл авах боломжгүй иргэддээ санхүүгийн байгууллагаас зээл авч, бүр өндөр хүүгээр зээлдэг буруу жишиг гарч ирнэ. 
  • Одоогийн санхүүгийн зуучлалын үйлчилгээний хүрсэн түвшин ухарч, хөрөнгийн зах зээл хөгжих нөхцөл байхгүй болно. 
  • Монгол Улсын хамгийн ил тод салбар болох санхүүгийн салбарын ил тод, бүгдэд нээлттэй үйл ажиллагаа хумигдаж, сүүдрийн санхүүгийн салбар бий болох, ингэснээр олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцдаг байгууллагуудын шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсноор олон улсын санхүүгийн системтэй холбогдоход хүндрэл үүсэх, зардал нэмэгдэх, цаг алдах гэх мэт нөхцөл үүсч болзошгүй. 
  • Санхүүгийн салбарт голлох 3 банкны одоогийн давуу байдал бүр баталгаажиж, төвлөрөл гүнзгийрч, цөөн санхүүгийн байгууллагаас хараат болох, иргэд, компаний санхүүгийн хэрэгцээг ойлгож, уян хатан ажилладаг жижиг, дунд банкууд алга болсоноор, голлох 3 банкны тулгасан нөхцлийг Монгол улс даяараа хүлээн авдаг болох нөхцөл байдал үүснэ. 
  • Иргэд өндөр хүүтэй ч зээл авах эрхтэй байх нь тогтмол бизнес эрхэлдэггүй, эсвэл дөнгөж эхлүүлж байгаа, энд тэнд бараа, үйлчилгээ тогтмол биш нийлүүлэх боломж нээлттэй байна. Хэрвээ энэ байдал ямар нэгэн хэмжээгээр хязгаарлагдвал бизнесийн шинэ боломжууд хаагдана.  

 

 
Эдийн засагч Т.Дорж