Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Жаст”-ын Ш.Батхүү цагаадна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2019 оны 4 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг сүүлийн 10 жил яригдаж байна. Хэргийн эзэн уг нь тодорхой. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү. Тэрбээр 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.

Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй байна. Сүүлдээ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг нь төлж, бууж өгөв. Энэ бүхнээс харахад удахгүй “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг цагаадах янзтай болоод явчихлаа.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ?

“Жаст”-ын Ш.Батхүү 2009 онд  “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.  Эрүүгийн хуулийн 1.10.3-д  зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэжээ.

Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих юм байна. Ш.Батхүү болон энэ хэрэгт холбогддог албан тушаалтнууд үүнийг л хүлээж байгаа.

Ш.Батхүүгийн хэргийг яагаад буцаав

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн нэгдүгээр сард Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ яллагдагч Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн  220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэжээ.  Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байдаг.

Түүнчлэн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж үзсэн. Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин тухайн шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эргээд прокурорт буцаасан байна.

Харин прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичиж, эргээд шүүхэд хүргүүлсэн талаарх мэдээлэл ч байгаа юм.  Тэгэхээр  Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг хуулийн байгууллагуудын дунд иймэрхүү байдлаар хугацаа хожиж, явсаар хөөн хэлэлцэх хугацаатай тулах нь дээ.

Ш.Батхүү Засгийн газарт 40 сая. ам доллар төлж чадах уу?

Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төллөө.  Шадар сайд Ө.Энхтүвшин “Ямартай ч үйлдвэрийн гадны асуудлыг шийдчихлээ.  Одоо дотооддоо учраа олж, Ш.Батхүүгээр өрийг төлүүлнэ гэх ухааны юм ярьсан. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л Ш.Батхүүгээс 40 сая ам.доллараа авна гэж хэллээ. Энэ нь зүгээр л нэг гал унтраах үг л дээ.

Хамаг хөрөнгөө тараачхаад юу ч үгүй үлдсэн Ш.Батхүүгээс яаж 40 сая ам.доллар гаргуулна гэж бодов оо.  Ёстой хоосон хүнээс  хоёр чихийг нь авахтай л адил зүйл болно. Ш.Батхүү цагтаа Монголын тэргүүн баячуудын нэг байх нь ч байсан. “Хадгаламж” банкны эзэн, “Жаст ойл” шатахуун түгээх станцыг байгуулж, “Жаст агро” үйлдвэрийн эзэн, “Олон овоот” уурхайн эзэн гээд л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах эд хөрөнгөтэй томчуудын нэг байв.

Тэгвэл Ш.Батхүүгийн эзэмшиж байсан бүх хөрөнгө өнөөдөр бүгд өөр хүмүүсийнх болсон. “Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан. “Магнай трейд” компанитай Ерөнхий сайд асан С.Баяр нэлээд ойр байдаг. Ш.Батхүү, С.Баяр нар ойр дотны холбоотой найзууд. Тэгвэл “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Г.Алтангийн мэдэлд очсон. Г.Алтан Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банканд шилжүүлсэн. Ингэж хөрөнгөө талаар нэг тараагаад алдчихсан хүнээс 40 сая ам.долларыг нөхөн төлүүлнэ гэдэг ёстой л үлгэр биз дээ.

Тэр “Эрдэнэт”-ийг дахин луйвардсан уу?

Ийнхүү  Монголын Засгийн газар Ш.Батхүүгийн өрийг дарж, хэрэг ч замхрах тийшээгээ орчхоод явж байхад дахин нэг баримт гарч ирэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 40 сая ам.доллартай холбоотой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Саяхан болсон өр дарах асуудал дээр оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй байна. Учир нь  40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани зуучлагчаар оролцсон байдаг. Харин энэ компани 1998 оноос хойш “Эрдэнэт “үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ.

Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад хамтран оролцсон. Сая зээлийг төлөхөд ч хамтран оролцжээ. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын асуудалд “Стандарт” банкыг нэр төдий ашигласан  байж болох баримт дэлгэгдээд байна. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж болно гэдэг хувилбарыг Б.Пүрэвдорж гишүүн яриад эхэллээ.

Хэрэв тийм бол  Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг хоёр дахь удаагаа луйвардсан хэрэг болж таарч байгаа юм. Энэ нь хэрэгт шинэ нөхцөл байдал үүсгэх үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ биз ээ. Ямартай ч нэлээд хурцаар яригдаж гарч ирсэн Ш.Батхүүгийн хэрэг мөлийсөөр сүүлдээ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч цагаадах янзтай болчихсон гэдгийг дуулгая.

Зураг