Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

П.Эрдэнэбат: Хөрөнгө орлогоо иргэний хувиар шалгуулахаар прокурорын ажлаа өгч байгаа юм

Д.Мөнгөндалай, Өдрийн сонин
2019 оны 4 сарын 17
Өдрийн сонин
Зураг зураг

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, багш, хяналтын прокурор, Доктор Ph.D П.Эрдэнэбат хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтэй холбоотой асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, АТГ-т шалгуулах хүсэлтээ гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Та яагаад ажлаа өгч байж шалгуулах болов. Ажлаа хийнгээ шалгуулж болоогүй юм уу?

-2018 оны тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд АТГ-т Макс компанийн захирал Д.Ганбаатар гэх хүний гаргасан гомдлын дагуу намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ бүх хугацаанд АТГ-аас намайг нэг удаа гэрчээр дуудаж байцаалт авсан.

АТГ миний асуудлаас гадна маш олон хэрэг материал шалгадаг газар. Прокурор хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Би өөрөө Улсын ерөнхий прокурорын газар ажилладаг. Прокурорын байгууллагын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм. Товчхондоо прокурор хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Гэтэл би дотор нь ажиллаж байгаад өөрт холбоотой асуудлаар шалгуулъя гэж бодъё. Шалгаад нэг шийдвэр гарна. Үнэн зөв нь тогтоогдоод хэрэг маргаан хаагдлаа гэж бодоход иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс нөгөө нөхөр дотор нь ажиллаж байгаад нөлөөлөл үзүүлж хаалгасан гэх хардлага гарах магадлал өндөр юм. Иймд энэ асуудлыг үүрэгт ажлаа өгч байгаад иргэнийхээ хувиар шалгуулах нь зүйтэй юм байна гэж бодоод Улсын ерөнхий прокурорт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч шалгуулъя гэж шийдвэр гаргасан. Тэгээд ч энэ цаг үед хуулийн байгууллагын албан хаагч нар луу хөрөнгө орлоготой холбоотой их хар пиар явуулж байгаа үед прокурорын хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаад нэг мөр шалгуулаад авъя гэж бодсон миний өөрийн шийдвэр л дээ.

Төрийн албанд ажиллаж байгаа бусад хүмүүст, хөрөнгө орлого нь өндөр байна гэж хардагдаад байгаа албан тушаалтан, албан хаагчдыг ч мөн над шиг ингээд шалгуулчих гэж хэлмээр байна. Ер нь төрийн албанд ажиллаж байгаа хүн ахуйгаа шийдэж байж л сая төрд ажиллах нь зөв юм болов уу гэж боддог. Төрийн албан хаагч заавал ядуу байх ёсгүй л дээ. Энэ бол бие хүн миний бодол шүү.

-Их л хэнхэг сонсогдож байна. Хүмүүс ажлаа хийгээд явж байх зууртаа шалгуулаад болоод л байдаг. Буруутай бол шийтгэлээ хүлээгээд, буруугүй бол ажлаа үргэлжлүүлээд хийдэг...

-Надад нууж хаагаад байх зүйл байхгүй ээ. Тодорхой хэмжээний хөрөнгө орлого бий. Прокурорын байгууллагад орохоосоо өмнө олон жил бизнес хийсэн. Тиймээс хөрөнгө орлогынхоо үндэслэлийг баримтаар нотолж чадах учраас шалгуулчихъя гэж бодлоо. Энэ улсын ганц прокурор нь Эрдэнэбат биш шүү дээ. Монгол Улсын 500 гаруй прокурорын нэр хүндийн асуудал ч яригдана. 90 жилийн түүхтэй энэ байгууллагын нэр хүнд гэж байна. Миний хувьд прокурорын ёс зүйн дүрэмд заасны дагуу хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хамгаалах зарчим, хэм хэмжээ, хуульд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын үүргийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь прокурорын нэр төрийг цэвэр байлгах үүрэгтэй ажилладаг. Миний хувьд ч гэлтгүй нийт прокурорууд ийм үүрэгтэй.

Үндсэндээ надтай холбоотой буюу прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдал, нэр хүндэд халдсан мэдээ мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох хэвлэл, сайтууд , фейсбүүк, твиттерээр сүүлийн нэг жил гаруй цацагдсаар ирлээ. Дээрх мэдээ мэдээлэл нь иргэд олон нийтэд, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах, сөрөг үр дагавар үүсгэх нөхцөл байдал болоод байгаа юм аа. Прокурор хүн чинь ёс зүйн дүрэмтэй түүндээ захирагдаж нийгмийн харилцаанд оролцож амьдардаг юм шүү дээ. Ийм учраас прокурор гэдэг ажил албаа өгч байгаад иргэнийхээ хувиар танай сонинд анх удаа ярилцлага өгч байгаа юмаа. Үндсэндээ прокурор хүн хэлэх үг, хийх үйлдэл нь хүртэл цензуртэй байдаг юм шүү дээ. Тэгээд л ажлаа өгөөд иргэнийхээ хувьд шалгуулах нь зөв юм байна гэж бодож ийм шийдэлд хүрсэн. Буруугүйг минь тогтоочихоор буцаад ажлаа хийхэд татгалзах зүйлгүй.

-Та ингэхэд аль 2008 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой яг ийм асуудлаар ёс зүйн хороогоор орж байсан юм билээ шүү дээ...

-Тийм. Тэр үед ч бас шалгаж байсан. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг баримтаар нотолж, прокурорын ёс зүйн дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гарч байсан. Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар орж, ийм дүгнэлт гарсан. Нэг ёсондоо би хөрөнгө орлогынхоо асуудлаар аль хэдийнэ шалгуулчихсан хүн л дээ.

-Иргэн Д. Ганбаатар ер нь яагаад таныг шалгуулахаар өгсөн юм.

-Би тэр хүнтэй хувийн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй ээ. Энэ хүний хувьд бизнесмэн гэдгийг хүмүүс мэднэ. Миний хувьд жирийн төрийн тусгай албан хаагч. Иргэнийхээ хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу гэр бүлийн хэрэгцээний 0.6 га газар авсан. Бүх хууль журмынхаа дагуул авсан. Гэтэл энэ газар нь “МАКС’’-ын Ганбаатарын морин тойруулгын хажууд байж таарахгүй юу. Ганбаатар миний авсан 0.6 га газрыг авахын төлөө л энэ бүх асуудлыг үүсгэсэн дээ. Хүнийхээ хувьд уулзаж надтай ойлголцсон бол яах вэ. Гэтэл ажил албыг нь дайруулж байгаад, намайг айлгаад авчих санаатай байсан биз.

Д.Ганбаатар нь өөрийнхөө нэр дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 541,400 метр квадрат газрыг эзэмших эрх 2017 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар гаргуулж авсан мөртлөө 2016 онд авсан иргэдийн 600 метр квадрат газрыг авахаар Төрийн албанд нөлөөлж хүчингүй болгосон шийдвэр гаргуулсан. Тэгээд би Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд шүүхээс “Нэр бүхий иргэдийн газар хууль ёсны дагуу олгогдсон байна. Д.Ганбаатар гэдэг иргэний газартай давхцаагүй байна" гэсэн шүүхийн шийдвэр гарсан. 

- Та яагаад ийм их хөрөнгөтэй болчхов. Төрийн албанд, тэр тусмаа хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бизнес эрхлэгчдээс илүү хөрөнгөжсөн байгааг хэн ч харсан хардана шүү дээ....

-Би прокурорын байгууллагад ажиллахаасаа өмнө олон жил бизнес эрхэлж ирсэн хүн. Бүр 1990 оноос ганзгын наймаанд явсан. Монголчууд ямар наймаа хийдэг байсан адилхан л хийж эхэлсэн. 1990-2000 оны хооронд гэсэн үг шүү дээ. Энэ үедээ би өөрийнхөө ахуйг шийдсэн, тодорхой хэмжээний орлого ашиг олсон, ийм л хүн. 2000 оноос хойш төрийн байгууллагад ажилласан. Энэ цагаас хойш мэдээж энэ гэр бүлийн бизнесийг гэр бүлийн хүн маань хариуцаад явдаг байсан.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад нэг их олон байр, үл хөдлөх хөрөнгөтэй байх юм.

-2008-2019 оны хооронд хөрөнгө орлогоо би тогтвортой мэдүүлсэн. Энэ хооронд өссөн дүнгээрээ явдаг. Одоо миний өөрийн амьдарч байгаа орон сууц, тэрнээс гадна хоёр орон сууц байгаа. Одоо амьдарч байгаагаас бусад хоёр орон сууц маань хотын төвийн болон цирк, бага тойрог хавьд байгаа хорин хэдэн кв метр талбайтай хуучны байрнууд. Би эхнэр, гурван хүүхэдтэй. Гурван хүүхдийнхээ боловсрол, нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэй. Үр хүүхдэдээ мэдлэг боловсролоос гадна ганц, ганц байртай байлгая гэж бэлдээд явсан юм. Тэр байрууд байгаа. Зарж үрээгүй. Болж өгвөл бүх л аавууд үр хүүхдийнхээ боловсролоос Гадна орон байрыг бэлдчих юмсан гэдэг шүү дээ.

Та бүхэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал гурван орон сууц гарч ирнэ. Үйлчилгээний зориулалт бүхий 4 талбай бий. Гэр хороололд учраас борлогдохгүй болохоор нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр дурдахгүй болохоор нуусан гэдэг асуудал үүсэх учраас ХОМ-т мэдүүлж, үнийг нь ирээдүйд буй болох хотын төвийн зах зээлийн ханшаар үнэлж л мэдүүлсэн нь их олон мөнгөн дүнтэй болж харагдаад байгаа юм байна лээ. Яг үнэндээ босгосон зардлыг нь тооцож үзвэл хамаагүй бага зардлаар бүтсэн л дээ. Цаашид үнэлгээг нь бодолцож тавих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Эндээс харахад цаашид төрийн албан хаагч нар ч ийм байдлаар хөрөнгө орлогоо үнэн зөвөөр мэдүүлсний төлөө тэднийг харлуулж харагдуулаад байвал энэ бүхэн чинь далд байдалд орчих вий дээ гэсэн бодол төрөөд байгаа.

-За яахав ээ, үр хүүхдэдээ хуучин амьдарч байсан хоёр өрөө байр сууцаа үлдээх гэдгийг ойлгож байна. Харин тэр их олон тэрбумын авлага нь ямар учиртай юм?

-Олон жил хийсэн бизнес, өөрт байсан эд зүйлсээ зарж үрээд гэр хороололд барилга барьсан. 24 айлын орон сууц. Заримыг нь урт хугацаатай зээлээр өгсөн. Заримыг нь бизнесийн хөрөнгө оруулалтад ч өгсөн асуудал байгаа. Тэр авлагыг л би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн. Энэ талаар холбогдох байгууллагад нь нотлох баримттай нь гаргаж өгнө.

-Та одоо хувийн компанитай юу?

-Худалдаа үйлчилгээний чиглэлээр “Хатан ирээдүй" гэж компани байсан. Тэр нь гэр бүлийн хүний маань нэр дээр байдаг. Үндсэндээ бид гэр бүл болоод гучин жил болж байна. Тэр хугацаанд төрд ажиллахаас өмнө хувиараа олон жил бизнес хийсэн. Манай гэр бүлийн гишүүдийн бизнес төрд ажилласнаас хойших цалин хөлс, цалин хөлснөөс гадна бизнесийн үйл ажиллагаа явуулсан орлого, зарлага, бүгд банкны хуулгаар гарч ирнэ. Хүнээс авсан өр зээл, авлига байхгүй. Зөвхөн өөрт байсан эд хөрөнгөө борлуулж, гэp хороололд байшин барьсан нь тэр. Ахуйгаа шийдчихсэн хүн хуулийн байгууллагад ажиллаж байвал харин ч авлига хээл хахуулиас ангид байна гэж боддог.

-Та чинь доктор хамгаалсан гэлүү?

-Удирдахуйн ухааны докторын зэргийг 2015 онд хамгаалсан. "Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах албан тушаалтны манлайллын хэв маяг, чадварт хийсэн шинжилгээ” гэсэн сэдвээр хамгаалсан. Прокурорын байгууллагад хорь дахь жилдээ ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа докторын зэргээ хамгаалсан. Эцэст нь хэлэхэд Прокурор гэдэг нэрийн цаана хүн л байгаа. Тэр хүн гэр бүл ах дүү, үр хүүхэдтэй тэднийхээ төлөө л амьдарч яваа гэдгийг Монголын ард түмэнд хэлмээр байна.

Зураг