НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний 2015 оны есдүгээр сард зохион байгуулагдсан чуулга уулзалтаар 17 зорилго, 196 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх "Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийг улс орнууд баталсан билээ.
Монгол Улсын хувьд улс орныхоо хөгжлийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, хөгжлийн тогтолцоог шинэ шатанд хүргэх түүхэн ач холбогдол бүхий "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай" хуулийг 2015 онд, "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичгийг 2016 онд Улсын Их Хурлаас батлан тус тус ажиллаж байгаа юм.
Улс орнууд Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хэрхэн хангах, ахиц дэвшил гаргахад цаашид юуг анхаарах талаар Үндэсний сайн дурын илтгэлээ бэлтгэн НҮБ-д танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл манай улс ирэх долоодугаар сард зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулах 42 улсын жагсаалтад багтсан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд холбогдох байгууллага болон ажлын хэсэг тус илтгэлийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энэхүү хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан албан тушаалтан, иргэний нийгэм, хувийн хэвшил, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож үндэсний сайн дурын илтгэлийн төсөлд тусгах санал зөвлөмжийг гаргасан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 165 дугаар захирамжаар Үндэсний хөгжлийн газрын ахалсан Үндэсний сайн дурын илтгэл бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан байсан ба энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газар болон Монгол Улс дахь НҮБ-тай хамтран зохион байгууллаа.
Тэгвэл Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлд танилцуулагдсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтийг хангах тал дээр Монгол Улс хэрхэн ахиц дэвшилтэй ажиллаж буйг товч танилцуулж байна:
АХИЦ ДЭВШИЛ:
Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ядуурлыг утсгахын тулд нийгмийн хамгааллын суурь түвшинг тодорхойлон, нийгмийн хамгаалалтад нийт хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудын 96-с дээш хувь хамрагдаж буй нь ахиц юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Манай улсад буй ядуурал буурахгүй, ужгарсан хэвээр байна. Тодруулбал, гурван хүн тутмын нэг нь ядуу, нийт хүн амын 1.6 хувь олон хүчин зүйлсээс шалтгаалсан ядуу, шилжилт хөдөлгөөн өндөр хэвээр, гэр хороололд ядуурал их, ажилтай боловч ядуу хүмүүс цөөнгүй байна гэсэн бэрхшээлүүд тулгамдсан хэвээр байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Хүнсний үйлдвэрлэл, ХАА-н талаар баримтлах бодлого, малын мах, сүү, гурил, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бараг бүрэн буюу 99-с дээш хувиар, бага насны хүүхэд, жирэмсэн эх болон хөхүүл эхчүүдэд аминдэм, эрдсийн бэлдмэл түгээх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа нь ахиц юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Харин нөгөө талаар хоол тэжээлийн эрүүл, зохистой хэрэглээ, чухал хүнсний хангамжийн хэрэглээ хот хөдөөд ялгаатай хэвээр, бичил тэжээлийн дутал нь нийт хүн амын дүнд түгээмэл, хүнсний хангамж импортоос хараат, хүнсний аюулгүй байдал эрсдэлт түвшинд байсан хэвээр байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Монгол Улс 2015 онд Мянганы Хөгжлийн Зорилтуудын хүрээнд хэрэгжүүлсэн эхийн эндэгдлийг бууруулах зорилгыг хэрэгжүүлж чадсан дэлхийн есөн орны нэг болсон ба огцом өсөж байсан 1,000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдэл 2017 онд буурсан нь ахиц юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Манай улсад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү арван жил буюу дэлхийн дунджаас хоёр дахин өндөр, эхийн эндэгдэл хөдөө орон нутагт өндөр, өсвөр насны охидын төрөлт өндөр хэвээр байна. Түүнчлэн халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт дорвитой буурахгүй, нас баралтын шалтгааны зонхилох буюу 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Төрөөс авч хэрэгжүүлж буй боловсролын талаар баримтлах бодлого нэмэгдсэн ба хүүхэд хамгааллын тусгай бодлоготой болсон нь ахиц юм. Түүнчлэн 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 98% нь бичиг үсэг тайлагдсан, хамран сургалт сайжирч 98.6-100%-тай болсон, тогтвортой хөгжлийн боловсролын агуулгыг бүх шатны боловсролын хөтөлбөрт тус тус тусгасан нь боловсролын салбарт гарч буй дэвшил юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Боловсролын тогтолцоо, чанар, тоног төхөөрөмжийн чанарын шаардлага хангахгүй, сургалтын агуулга, хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгддөг /16 жилд гурван удаа шинэчлэгдсэн/, сургалтын материал, сурах бичиг хангалтгүй байгаа нь сорилт байсаар байна. Мөн тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоо алдагдсан, гурван ээлжээр хичээллэж буй сургууль 28, дээд боловсролтой ажилгүй залуучууд олон хэвээр буй нь чанартай боловсролыг дэмжихэд тулгарч буй бэрхшээлд багтаж байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах талаар хууль тогтоомж сайтай ба манай улсын жендэрийн тэгш бус байдлын индекс 2018 онд 0.301 болж дэлхийн 160 улсаас 65 дугаарт бичигдэв. Мөн манай улсын 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь, эрэгтэйчүүдийн 86.3 хувь нь дундаас дээш боловсролтой буй нь энэ тал дээр гарч буй ахиц юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Харин сорилт бэрхшээлийн хувьд хууль тогтоомж сайтай хэдий ч хэрэгжилт хангалтгүй, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 52.7%, эрэгтэйчүүдийнх 66.2% байна. Мөн амьдралын нөхцөл, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өсвөр насны охид болон залуу эхчүүдэд боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Энэ салбарт гарсан ахиц дэвшилд 2005 онд нийт хүн амын 39.2% баталгаат ундны усаар хангагдаж байсан бол 2015 онд энэ хэмжээ 64.4% болж нэмэгдсэн нь багтаж байна. Гол усны нөөц бүрдэх, усны эх үүсвэр бүрдэх газарт уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Харин сорилтод ус хангамж, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрх зөрчигдсөөр байна, хэвийн төлөвөөс харахад нийслэл хот болон говийн бүс нутагт ус хангамжийн хүндрэлтэй нөхцөл бий болохоор байна. Түүнчлэн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн дүнд бий болгох тулгамдсан хэрэгцээ шаардлага байсаар байна. Мөн Улаанбаатар хотын усан хангамж, Туул голын усны бохирдлын асуудалд тус тус онцгой анхаарах шаардлагатай байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Манай улсын нийт хүн амын 96.7 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан нь тус салбарын ахиц юм. Мөн нийт өрхийн 86.1% нь төвлөрсөн эрчин хүчний системээс 13.9 хувь нь бусад эх үүсвэрээс эрчим хүч хэрэглэж байна.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Тулгамдаж буй бэрхшээлд манай улсын аймаг, сумын төвийн дийлэнхэд нь халаалтын үйлчилгээ дутмаг хэвээр, хуучирсан, үр ашиггүй халаалтын зуух ашиглаж байна. Мөн гэр хорооллын айл өрхийн дулааны эрчим хүчний үндэс эх үүсвэр нь түүхий нүүрс буй нь томоохон бэрхшээлд тооцогдож байна. Түүнчлэн манай улсад технологийн хувьд хоцрогдсон ДЦС-ууд өнөөгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй нөхцөлд тус тус хүрч байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Эдийн засаг сэргэж, өсөлт өнгөрсөн онд 6.9%, 2019-2020 он хүртэл энэхүү өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Нөгөө талаар иргэдийн хөдөлмөрийн бүтээмж бага, албан бус хөдөлмөр эрхлэлт хоёр дахин нэмэгдсэн, эдийн засгийн өсөлт гарсан ч залуучууд зохистой, үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэхэд дорвитой нөлөө үзүүлээгүй, залуучуудын ажилгүйдлийн түвшин 22.4% буюу улсын дунджаас 2.6 дахин өндөр, хөдөлмөр эрхлээгүй, боловсрол сургалтаас гадуур байгаа залуучууд олон байгаа гэх мэт олон сорилт энэ салбарт тулгамдаж байгаа аж.
АХИЦ ДЭВШИЛ:
Манай улсын 21 аймгийн 16 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгджээ. Мөн Замын-Үүдээр дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн зэрэг найдвартай дэд бүтцийн салбарт хамаарч буй ахицууд харагдаж байна.
Түүнчлэн Монгол Улс дэлхийд хамгийн хямд интернэт ашигладаг арван орны нэгт багтаж байгаа ба ухаалаг утас, фэйсбүүк хэрэглээгээрээ дээгүүр байрт жагсаж буй нь инновацийг хөхиүлэн дэмжиж буйн нэг илрэл хэмээн үзэж байна.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Харин сорилтод дэд бүтцийн эдийн засгийн өгөөж бага, мэдээлэл холбооны дэд бүтэц жигд хүртээмжгүй, технологийн үр ашиггүй хэрэглээ инновацийн хөгжил болон тархалтад саад болж байгаа зэрэг багтаж байна. Түүнчлэн иргэдэд цахим хэрэглээний зөв зохистой дадлыг төлөвшүүлэх, технологийн үр ашигтай хэрэглээг бий болгоход анхаарах шаардлагатай байна. Мөн боловсрол-шинжлэх ухаан-үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих хөшүүргэ сул байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Монгол Улсын хүний хөгжлийн индекс 2017 онд 0.741 болж, дэлхийн 189 улсаас 92 дугаарт эрэмбэлэгдэж, хүний хөгжил өндөр орнуудын эгнээнд багтах болсон нь ахиц юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Гэвч нөгөө талаар тэгш бус байдлыг тооцсон Хүний хөгжлийн индекс 0.639 болж 13.7 хувиар буураад байна. Мөн эдийн засаг өсөлттэй байсан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийт хүн ам дотор хамгийн бага хэрэглээтэй 20%-ийн эзлэх хувьд өөрчлөлт ороогүй хэвээр байна, эрүүл мэндийн гурав дахь шатлалын үйлчилгээ зөвхөн Улаанбаатарт, хоёр дахь шатлалын үйлчилгээ аймаг, бүсийн төвүүдэд байгаа нь сорилт болж буйг онцолжээ.
АХИЦ ДЭВШИЛ:
Улаанбаатар хотод оршин суугчдын гурван хүн тутмын нэг нь 1990-2015 оны хооронд шилжин ирсэн байна. Нийслэлийн хүн ам жилд дунджаар зургаан хувиар өсөж, хотжилтын үйл явцын дунд нийслэл хотын хүн амын нягтрал улсын дунджаас 150 дахин өндөр буй нь ахиц юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Нөгөө талаар хотын хүн амын 60 орчим хувь нь хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэр хороололд амьдарч байгаа ба гэр хороололд цэвэр усны хангамж, халаалтын нэгдсэн сүлжээ, нийгмийн үйлчилгээний дэд бүтэц сул хөгжсөн хэвээр байгаа юм. Түүнчлэн гэр хорооллын эмх замбараагүй тэлэлт ихсэж байгаа нь иргэдийн байгалийн гамшигт өртөх эсдэлийг нэмэгдүүлж, төлөвлөөгүй хотжилт агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг баталж, хог хаягдлын хүрээнд эрх зүйн орчин бүрдсэн нь энэ салбарт гарсан томоохон ахиц гэж хэлж болно. Мөн хотод хогийг тогтмол цуглуулдаг болж, хог хаягдал цуглуулах, боловсруулах чадавхид ахиц гарах хандлага ажиглагдаж байгаа юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Хүн ам, үйлдвэр, ААН байгууллагын хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийн ойлголт, мэдлэг болон хандлага доогуур, хот суурин газруудын төвлөрөл ихсэж, гадаргын хог хаягдал, хөрсний бохирдол ихсэж буй нь томоохон бэрхшээл юм. Мөн манай улс хог хаягдлын 93.5 орчим хувийг газарт булж устгадаг ба 2016 онд явуулсан судалгааны тайлангаас харахад хотын хог хаягдлын гуравны нэг нь хоолны үлдэгдэл эзэлж байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Энэ тал дээр Монгол Улс "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах тодорхойлсон хувь нэмэр" баримт бичгийг боловсруулаад байна. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах "Сендайн" үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг батлан олон талт хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байгаа зэрэг дэвшилтийг гарган ажиллаж байна.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Гэвч нөгөө талаар Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, даван туулах, дасан зохицох эрх зүйн, бодлого олон байгаа боловч хэрэгжилт нь сул, нөхцөл байдал нь сайжрахгүй байсаар байна. Түүнчлэн нүүрсхүчлийн хийг бууруулах бодлого, арга хэмжээний үр дүн хангалтгүй, усны аюулгүй байдлын талаар бүх түвшинд төдийлөн анхаарал хандуулахгүй зэрэг олон бэрхшээл тулгарч байна.
Монгол Улс далайд гарцгүй тул ТХЗ 14-т шууд хамаарахгүй юм. Гэвч зарим зорилтын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг орлуулсан үзүүлэлт ашиглан үнэлж болно. Тухайлбал, Монгол Улсын гол мөрөн, нуур цөөрөм 74 зүйлийн загасны амьдрах орчин болдог. Мөн Монгол Улс "Халим загасыг хамгаалах хэлэлцээр" болон "Халим загасны менежмент"-д нэгдэн орсон байдаг.
АХИЦ ДЭВШИЛ:
Монгол Улсын байгаль орчны салбарын эрх зүйн орчин олон улсын жишигт дүйцэхүйц сайжирсны зэрэгцээ байгаль орчны 11 конвенц, гурван протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны "Тал" болсон, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 17.9 хувь нь улсын хамгаалалтад оршиж байгаа ба нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлж буй нь үр дүнгээ өгч байна.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас бэлчээрийн газар нутгийн 77.8% нь цөлжилтөд өртөж, 1.5 сая га газрын ой хомсдол, доройтолд орж, уул уурхайн үйл ажиллагаанаас 27,068 га газар эвдрэлд оржээ.
АХИЦ ДЭВШИЛ:
Хүний эрхийг хүндлэх нь шударга ёсны үндэс. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг хүндэлж, хамгаалахад чиглэсэн олон чухал заалтыг баталгаажуулж өгсөн нь давуу талтай юм. Түүнчлэн Хүний үндсэн эрхийн тухай олон улсын нийт 23 конвенцод нэгдсэн, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль шинээр баталж хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэх, хянаж шийдвэрлэх, хүчирхийллийг багасгах, хохирогчийг хамгаалах эрхзүйн ээлтэй орчныг бүрдүүлсэн нь шударга ёсыг цогцлооход авч буй томоохон арга хэмжээ юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Гэвч нөгөө талаар Засгийн газрын тогтворгүй үйл ажиллагаанаас болж хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл ихэвчлэн нуугдмал далд хэлбэртэй, гэмт хэргийн байдал далд хэлбэрт шилжин, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх болсон нь томоохон сорилт гэдгийг онцолж байна. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод тайлагнах байдал хангалтгүй, иргэдийн мэдээлэл авах эрх хязгаарлагдмал байсаар буй нь томоохон бэрхшээлд тооцогдож байна.
АХИЦ ДЭВШИЛ:
Манай улсад хөгжлийн санхүүжилтийн үнэлгээ хийгдсэн ба хөгжлийн төлөөх голлох олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орсон нь давуу тал юм.
СОРИЛТ БЭРХШЭЭЛ:
Харин нөгөө талаар бодлогын уялдаа, зохицуулалт сул, ТХЗ-д хүрэх санхүүгийн хэрэгцээ тодорхойгүй, хөрөнгийн урсгалын хяналт, тайлагнал хангалтгүй, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ сул зэрэг ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлүүд юм.
Түүнчлэн Монгол Улсын сайн дурын илтгэлд онцлох сэдвээр "Хөгжлийн тулгамдсан асуудал-Агаарын бохирдол" хэмээх сэдвийг онцлон танилцуулж байгаа бөгөөд манай улсын ард иргэдийн өмнө тулгамдаж буй энэхүү асуудлын бодлогын орчин, хэрэгжилт болон цаашдын шийдлийг танилцуулж байгаа юм.
Эдгээрээс гадна хөгжлөөс орхигдох эрсдэлтэй хүн амын бүлэг, Тогтвортой хөгжлийн зорилтын бодлогын орчин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон олон талын оролцогчдын нэгдсэн дүгнэлтийг багтаажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!