Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын Пап лам Өмнөд Суданы удирдагчдын хөлийг үнсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ромын Католик шашны тэргүүн Ватиканы дотоод дүрмийг зөрчиж, Өмнөд Суданы удирдагчдын хөлийг сөхрөн суугаад үнссэн байна.

Энэхүү ховор, сонин үйл явдлын дүрс бичлэгийг Ватиканы захиргаа Пүрэв гарагт нийтэд үзүүлжээ. Дүрс бичлэгт 82 настай Пап лам Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кир Маярдитын хөлийг үнсээд дараа нь тус улсын дэд ерөнхийлөгч болох гэж байгаа Риек Мачар, Рэбэка Няндэн де Мабиор нарын хөлийг мөн үнссэн байна.

Кир, Мачар нар нэгэн үе дайснууд байсан юм. Кир нь өөрийн орлогч байсан Мачарыг 2013 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэж буруутгасны дараа Өмнөд Суданд иргэний дайн эхэлж байжээ.

Харин 2018 онд тэд Этиопт энхийн гэрээ байгуулж, одоо хамтарсан засгийн газар байгуулахаар ажиллаж байгаа юм.

Пап лам “Энхийн гэрээг байгуулсан та гурвыг ах дүүс болж, эвтэй найртай байгаасай гэж би хүсэж байна” гэж энэ уулзалтын үеэр хэлсэн байна.

Английн сүм хийдийн тэргүүний санаачилгаар Өмнөд Суданы гурван удирдагчийг Ватиканы ордонд ирүүлж, сэтгэл санааг нь шашны номлолоор ариутгах, гэгээрүүлэх хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулжээ.

Ватиканы албан ёсны хэвлэлд Пап ламын энэхүү үйлдлийг гэнэтийн, сэтгэл хөдөлгөм үйл явдал гэж бичсэн байна.

 

Эх сурвалж: CNN