Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Далайд гарцгүй Монгол улс далайн давалгаан дээр гулгагчдын холбоонд элсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт далайд гарцгүй Монгол улс Олон Улсын Серфингийн Холбоонд элсэж, 106 дахь гишүүн нь болсон байна.

Давалгаан дээр гулгаж өрсөлддөг энэхүү спортын төрөл нь далайн эрэгтэй улс орнуудад л хөгжиж байсан бол сүүлийн үед давалгаа үүсгэгч машин техникийн тусламжтай хаана ч хичээллэх боломжтой болжээ.

Үүнээс гадна ирэх оны Токиогийн зуны олимпийн наадамд анх удаа шинэ төрөл болж нэмэгдэхээр болсон байна.

Монгол улс гишүүнээр элссэнтэй холбогдуулан тус холбооны ерөнхийлөгч Фернандо Агуэрре “Серфингийн уламжлалгүй улс орнуудад хөгжиж эхэлсэн нь олимпийн наадамд орох болсноор энэхүү төрөл хэрхэн хүрээгээ тэлж байгааг батлан харуулж байна” гэж мэдэгджээ.

Олон Улсын Серфингийн Холбоонд элссэнээр Монголын үндэсний холбоо заал танхимд давалгаа үүсгэгч машин ашиглан уралдаан тэмцээн зохион байгуулах, энэхүү спортоор хичээллэгсдийн клуб байгуулах боломжтой болж байгаа гэнэ.

Монголын Серфингийн Холбооны ерөнхийлөгч А.Тамир гишүүн болсноор Монгол улсад серфингийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын уралдаан тэмцээнүүдэд үндэсний баг тамирчдыг оролцуулах боломж нээгдэж байгааг онцолжээ.

 

Эх сурвалж: Reuters