Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ дайжсан 16 настай охин аавынхаа хүчирхийлэл, дарамтад өртдөг байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байнга өртдөг байсан 16 настай охин гэрээсээ дайжиж алга болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн 36 настай эмэгтэй Г цагдаагийн байгууллагад "Манай 16 настай Н гэх охин гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга боллоо. Олж өгнө үү" хэмээн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр ханджээ.

Тухайн өдөр нь цагдаагийн ажилтнууд ээжийнх нь хамт хайсны эцэст охиныг олсон байна. Улмаар сураггүй болсон тэр хугацаанд охин нь юу хийж байсан, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоолгохоор ээж нь цагдаагийн байгууллагад хүсэлт гаргажээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, урьдчилсан байдлаар охин гэртээ байхдаа төрсөн аавынхаа хүчирхийлэл/бэлгийн хүчирхийлэл биш/, дарамтад байнга өртдөг байсныг тогтоожээ.

Энэ нь охиныг гэрээсээ дайжихад хүргэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Мөн охин сураггүй алга болсон хугацаандаа хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Охины биеийг хүчээр үнэлүүлсэн эсэх болон насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон этгээдүүдийг олж тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Охин аавынхаа байнгын хүчирхийлэл дарамтад өртсөний улмаас гэрээсээ дайжсан нь тогтоогдвол аав нь эрүүгийн хариуцлага хүлээх юм.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. /Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/