Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батбаяр: Уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг 20 жилээр цуцалдаг

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг гарч, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын талаар Тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас тодрууллаа.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглалтын хэдэн тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг вэ. Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэчнээн уул уурхайн компани байгаа вэ?

-Ашигт малтмал, газрын тосны газраас 1,751 тусгай зөвшөөрлийг олгосон. Нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 123 буюу 7.02 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Харин 159 буюу 9.08 хувь нь үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байгаа. Үйл ажиллагаагаа эхлүүлээгүй 561 компани байна. Сүүлийн жилүүдэд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрөл 908 бий. Шалгалтын үеэр 281 компанийг хамруулсан. Энэ бол урьдчилсан байдлаар гаргасан дүн. Хяналт шалгалтын ажил хараахан дуусаагүй.

-Уул уурхайн компаниуд ихэвчлэн ямар зөрчил гаргасан бэ?

усгай хяналт шалгалтаар 592 зөрчил илрүүлсэн. 90 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа. 28 компанийн үйл ажиллагааг түр зогсоосон. Бичиг баримтын зөрчил, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, гэрээ байгуулаагүй, хүрээлэн буй орчноо бохирдуулсан, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн.

-Хэчнээн аж ахуй нэгж, байгууллагад хэдэн төгрөгийн торгууль ногдуулсан бэ?

-25 аж ахуйн нэгж байгууллагад 224.5 сая төгрөг, найман нөхөрлөлд 3.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн 291.2 грамм алтыг төрийн хяналт шалгалтын тухай хуульд үндэслэн хураан авч улсын өмч болгосон. Зургаан зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хэрэг үүсгэн прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-Уул уурхайн компаний тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчин нь ямар байдаг вэ?

-Химийн хорт бодис ашиглаж байгаль орчинд хор хөнөөл учруулах, төлөвлөгөөт шалгалтад илэрсэн зөрчлийг хоёр сарын дотор арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална. Ер нь Ашигт малтмал газрын тосны газар уул уурхайн олборлолт явуулах зөвшөөрлийг олгох болон цуцлах эрх нь тэдэнд бий. Уул уурхайн тусгай зөвшөөрлийг 20 жилээр цуцалдаг. Энэ талаар ашигт малтмалын хуульд тодорхой заасан.

-МХЕГ-аас цаашид уул уурхайн компаниудын зөрчил аюулгүй ажиллагааг хангах чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаггүй, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийдэггүй. Түүнчлэн дахин үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж тусгай зөвшөөрөл дахин олгохгүй байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авна.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад тавих шаардлагыг өндөрсгөж хариуцлагатай болгох хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журамд өөрчлөлт оруулахад анхаарна.

 

Зураг