Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжин: Алтны роялти 5 хувь болсон нь Монголбанкны алт худалдан авалтад сөргөөр нөлөөлөхгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 4
iKon.MN
 

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

- УИХ-аар алтны роялти татварыг 2.5 байсныг 5 хувь болгох шийдвэрийг гаргалаа. Хуулийн энэ өөрчлөлт Монголбанкны алт худалдан авалтад хэрхэн нөлөөлөх вэ?

- Гуравдугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон. Хууль дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Өмнө нь АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон.

Тэгэхээр Монголбанкны хувьд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хуулийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгах саналыг Засгийн газарт тавьж, үүний дагуу Засгийн газраас хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Гэвч УИХ-аар хуулийг хэлэлцэх хугацаа хойшлогдсоны улмаас дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр боллоо.

Монголбанкны хувьд АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байсан. Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа.

Нэгдүгээр улирлын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 384 кг алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа. Ялангуяа 3 дугаар сард бид 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, бараг 90 орчим хувиар буураад байна. Тэгэхээр өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар ГВАН-ийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа ч олон нөхцөл, байдлын улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ бид бүхэн хичээж ажиллана.

Ялангуяа энэ чиглэлээр Монголбанк дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 6 сарын хугацаатайгаар дахин хэрэгжүүлэх гэж байна. Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд худалдсанаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмэр, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оруулж буй эх оронч санаачлагыг сурталчлах, Монголбанкны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөж байна. 

- Монголбанк он гарснаас хойш 400 гаруй сая ам.долларын интервэнцийг хийгээд байна. Энэ оны тухайд валютын ханшийн төлөв ямар байх вэ? Монголбанкнаас ханшийн талаар баримтлах бодлогын хувьд? 

- Эхний улиралд Монголбанк 460 сая ам.долларыг гадаад валютын захад нийлүүлсэн байна. Оны эхнээс төгрөгийн ханш ам.долларын эсрэг 0.5 хувиар чангарсан байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал энэ онд харьцангуй эерэг байх болов уу гэж үзэж байгаа. 2018 оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 141 сая ам.долларын алдагдалтай байсан ч энэ оны хоёрдугаар сарын эцэст 200 орчим сая ам.долларын ашигтай гарлаа. Тэгэхээр энэ онд төлбөрийн тэнцэл нийтдээ 500 орчим сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Нөгөө талаас манай экспортын өсөлт өндөр хэвээр байна.

Хоёрдугаар сарын эцсийн байдлаар тоон үзүүлэлтийг харвал экспорт өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн байна. Нөгөө талаас импортын өсөлт 15 орчим хувьтай байна. Өнгөрсөн онд импорт 40 орчим хувийн өсөлттэй байсан бол он гарсаар энэ өсөлт харьцангуй буурч байгаа нь эерэг үзүүлэлт юм. Энэ нь төв банкнаас авч хэрэгжүүлж буй өр, орлогын харьцааг тогтоох, гадаад валютын зээлийг бууруулах арга хэмжээнүүдийн үр дүн гэж харж байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бас нэг арга хэмжээ нь хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувь болгож бууруулсан. Энэ нь цаашдаа хэрэглээний зээл болон импортын өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж тооцож байгаа. Энэ оны хувьд төгрөгийн ханш тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гадаад зах зээлийн хувьд ч бас таатай үйл явдлууд ажиглагдаж байна. Зэсийн үнэ оны эхнээс 9 орчим хувиар өсөөд байна. Нүүрсний үнэ 86 орчим ам.доллар буюу өмнөх сараас 7 орчим хувиар өссөн байгаа.

Манай экспортын бас нэг гол бүтээгдэхүүн болох ноолуурын үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Өнгөрсөн онд малын гаралтай түүхий эдийн экспорт 470 орчим сая ам.долларт хүрч байсан. Энэ онд энэ үзүүлэлтээ хадгалах болов уу. Зэсийн экспорт өндөр түвшинд хадгалагдаад, нүүрс, ноолуурын экспорт сайн байвал энэ онд төгрөгийн ханш тогтвортой байх болов уу. 

- Төлбөрийн тэнцэл эерэг гарахад голлон нөлөөлж байгаа хүчин зүйлс юу байна вэ? 

- Төлбөрийн тэнцэл эерэг гарахад голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь нэгдүгээрт, манай гадаад худалдааны ашиг. Хоёрдугаарт, санхүүгийн дансанд тодорхой хэмжээний санхүүжилтүүд орж ирэх хүлээлттэй байна.  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 800 орчим сая ам.доллар орж ирснээр төлбөрийн тэнцэл 500-600 сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм. 

- Төв банкны зүгээс энэ онд гадаад валютын албан нөөцийг өсгөх, эсвэл тогтвортой түвшинд хадгалах хоёр зорилтын алийг нь илүүд үзэх вэ?  

- 2019 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд гадаад валютын улсын нөөцийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээ буюу 12 сарын импортыг хангах хэмжээнд дунд хугацаанд хүргэнэ гэх зорилтыг тавьж ажиллаж байна. 2018 оны эцэст гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. 2019 оны нэгдүгээр улиралд 3.7 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр ойрын хугацаанд гадаад валютын нөөцийг 4 тэрбум ам.долларт хүргэх, цаашид нэмэгдүүлэхийг зорьж ажиллана. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гадаад хүчин зүйл чухал нөлөөтэй. Нөгөө талдаа дотоодын эдийн засагт гарч буй эдийн засгийн эрчимжилттэй холбоотой зарим нэг дарамтууд бий. Гэхдээ төв банкны зүгээс нөөцөө нэмэгдүүлэх ажлаа амжилттай хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. 

- Ярилцсанд баярлалаа.