Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Амгалан: Зөвхөн Даланжаргалан суманд л гэхэд 108 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай сайтад өнгөрсөн Мягмар гараг буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 2-нд "Сүхбаатар аймагт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү" сурвалжилга нийтлэгдсэн билээ. Тус сурвалжилгатай холбогдуулан Улаанбаатар хот дахь "Эрдэнийн Өлгий Даланжаргалан Нутгийн зөвлөл"-ийн тэргүүн Т.Бат-Амгалан бидэнтэй холбогдлоо. Тэрбээр уул уурхайн нөлөө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл өгсөн юм. Т.Бат-Амгалан "Манай сум буюу Даланжаргаланд гэхэд 108 лиценз хүчин төгөлдөр байгаа гэх тоо бий. Үүнээс 40 орчим нь ашиглалтынх. 

Зураг 1, Даланжаргалан сумын нутаг олгосон хүчинтэй тусгай зөвшөөрлийн тоо

 
Эх сурвалж: ОҮИТБС-ын тайлан

Уул уурхайн ажлын нөлөөгөөр айлуудын худаг ширгэх, маршрутын бус тээврийн болон уурхайн тээврийн хэрэгсэл их явж байгаа учраас тоосжилт тун ихэссэн. Улмаар бэлчээр талхлагдаж, малчид малаа маллан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна" гэлээ. 

Ашигт малтмал, газрын тосны газраас хоёрдугаар сарын 28-нд ээлжит статистик мэдээллийг танилцуулсан. Уг тайланд дурдсанаар Монгол Улсад нийт 3,029 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Түүнчлэн эдгээр тусгай зөвшөөрлийн хамрах нийт талбай нь 8.6 сая га бөгөөд энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн 5.5 хувийг эзэлж байгаа гэсэн үг. 

Мөн уг статистик мэдээллээр аймаг тус бүрт олгосон тусгай зөвшөөрөл, тэдгээрийн хамрах талбайг ил болгосон байдаг. Тус мэдээллээр манай улсад тусгай зөвшөөрөл олгогдсон нутаг дэвсгэрийн хэмжээгээр Дорноговь, Өмнөговь аймгууд тэргүүлжээ. 

Зураг 2, Аймгуудад олгосон тусгай зөвшөөрлийн тоо, талбайн хэмжээ

 
Эрдэс баялгийн статистик мэдээ /2019 оны хоёрдугаар сарын байдлаар/

Үүнээс үзвэл, 2019 оны хоёрдугаар сарын байдлаар Дорноговь аймагт хүчин төгөлдөр байгаа 367 тусгай зөвшөөрлийн хамрах талбай нь 1,452.6 мянган га байна. Энэ тоо нь Дорноговь аймагт олгосон тусгай зөвшөөрлийн нийт талбайг бусад аймагтай харьцуулахад хамгийн том газар нутгийг хамарсан болохыг харуулж байгаа юм.

Харин "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга" хэмээх цахим хуудсанд байршуулсан тайлангаас үзвэл Дорноговь аймагт 412 тусгай зөвшөөрөл байгааг мэдээлсэн байна. 

Зураг 3, Дорноговь аймагт олгосон тусгай зөвшөөрлийн тоо

 
Эх сурвалж: ОҮИТБС-ын тайлан