Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ундраа: Удирдлагыг нь сольсноор шүүх, хяналтын байгууллагын алдаа завхрал үгүй болохгүй

О.Ариунцэцэг, Өдрийн сонин
2019 оны 3 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа. 

-ҮАБЗ шүүх эрх мэдэл рүү халдаж, Үндсэн хууль зөрчиж байна гэж сөрөг хүчний зүгээс үзэж байгаагаа илэрхийллээ. Та хувь гишүүнийхээ зүгээс энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулиар зохицуулагдаж байгаа засаг төрийн эрх барих хүчний хуваарилалтын тэнцвэр алдагдах аюул нүүрлэж байна гэж харж байна. Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хянах зэрэг эдгээр хүчин зүйлүүд хоорондоо тэнцвэртэй байх ёстой. Хүчийг зөв хуваарилах хэрэгтэй гэсэн үг. Аливаа нэг хүчний эрх мэдэл нь хэтэрч болохгүй. Магадгүй хууль тогтоох байгууллага нь илүү эрх дархтай болчихвол хууль тогтоох байгууллагын хүнийг ашиглан өс хонзон авах хэрэгсэл болгох эрсдэл нүүрлэж мэдэх юм. Тэр дунд улстөрчдийн нөлөө орох вий гэж бодож байна. Гүйцэтгэх засаглалын тодорхой байгууллагад очих хяналт нь хэтрэх вий гэх асуудал нь туйлын эмзэг юм. 

Тэр утгаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц дайны шинж чанартай гадна, дотны халдлага, байгалийн гамшиг зэрэг тодорхой хүчин зүйлүүдэд тулгарсан тохиолдолд зөвлөлдөх учиртай. Тэр хүнд үед яаралтай зөвлөлдөж УИХ, Засгийн газар зэрэг тодорхой байгууллагуудад зөвлөмж хүргэх үүрэгтэй байгууллага юм. Үүнийг нь ч хуульд тодорхой заачихсан байгаа. Харин өнөөдөр ҮАБЗ хуульд заасан эрх үүргээ хэтрүүлэн ашиглах эрсдэл нүүрлээд байгаа учраас дэмжихгүй гэх саналыг илэрхийлсэн.

-ҮАБЗ-д Ерөнхий сайд багтдаг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх засаглалын тэргүүн шүүх засаглалын байгууллагад өөрчлөлт оруулах тухай санал байгаа нь эргэлзээтэй асуудал гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн. Энэ тухайд?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр олон жил ажилласан парламентын тулхтай улстөрчдийн нэг Д.Лүндээжанцан гишүүний байр суурьтай санал нэг байгаа. Төрийн эрх барих байгууллагуудын хоорондын эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэр алдагдах эрсдэл үүсэж болзошгүй гэж бодож байна. Хэрэв тэрхүү тэнцвэр алдагдсан тохиолдолд буцаан тэнцвэржүүлэхэд туйлын хүндрэлтэй шүү дээ. Тиймээс дээрх байр суурьтай санал нэг байгаа юм.

-Шүүх, АТГ, прокурорын байгууллагын удирдлагуудыг сольсноор шүүх, хууль хяналтын байгууллагад байх алдаа завхрал устаж үгүй болох уу?

-Шүүх, прокурор, АТГ зэрэг байгууллагуудын удирдлагыг нь сольсноор шүүх, хяналтын байгууллагын алдаа завхрал үгүй болно гэж бодохгүй байна. Асуудал зөвхөн удирдлагадаа байгаа юм биш. Удирдлагуудыг л солих гэхээсээ илүү алдаа гаргасан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Т ийм хууль эрх зүйн орчин нь ч бүрэн дүүрэн бий. Түүнийг ашиглах нь мэргэжлийн ёс зүй мөнөөс мөн. Магадгүй хуулиа дагах хувь хүний зүрх зориг дутаж байгааг үгүйсгэхгүй аргагүй юм. Ер нь бол төрийн эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулснаар өмнөхөөсөө ч илүү алдана гэж бодож байна. 
Тиймээс байгаа хуулиа л хэрэгжүүлэхэд анхаарах нь зөв.

-Зоригийн хэргээр улс төр хийж шүүх засаглалд халдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан харамсалтай явдал нь Монголын парламентын түүх болоод ардчилсан нийгмийн түүхэнд томоос том хар толбо болсон. Энэ явдлыг ашиглаж маш олон хүн улс төр хийж байна. Улс төр хийсээр ч ирсэн. Өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа энэ хэргийг ашиглан улс төр хийж байгаа нь тун харамсалтай юм. Тэгэхээр хүний үхлээр улс төр хийдэг явдлыг зогсоож, дахин шалгаж үнэн мөнийг тогтоогоосой гэж маш их хүсэж байна.

Үүн дээр хүн хулгайлсан, эрүүдэн шүүсэн хэрэг ч гарсан. Хуулийн байгууллагын ажлаа хийх явцдаа гаргасан энэ алдааг үнэн зөвөөр нь шалгаж, хэргийг эцэслэн тогтоомоор байгаа юм. Үүн дээр парламентын засаглал, Олон улсын парламентын холбоо, хүний эрхийн байгууллагууд, олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдсэнээс хойших Монголын Улсын Засгийн газрын тайлан зэргийг эргэж харах ёстой байх.

Монгол Улсын парламентын түүхэнд үлдсэн энэ хар толбыг Монголын улс төрөөс гадна ардчилсан орнуудын хувьд анхааралтай ажиглаж байна. Энэ асуудлуудыг үнэн зөв шийдэж чадах эсэхээс манай хуулийн байгууллага болоод ардчилсан засаглалын бат бөх байдал харагдана гэж бодож байгаа.

-Хуулийн байгууллагын алба хаагчид хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж байсан нь нотлогдож байгаа гэж Ерөнхийлөгч хэлсэн. Тэр дундаа Зоригийн хэрэгт ял эдэлж буй хүмүүсийг эрүүдэн шүүсэн талаар зарим улстөрч ярьж байгаа. Та тэр талаар баримт сэлт олж үзсэн үү?

-Эрүүдэн шүүж байгаа нь нотлогдох юм бол тэрхүү явдал нь хүний эрхийн түгээмэл тунхаглал болон эрүүдэн шүүхийн эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд бүрэн шийдэгдэх ёстой. Олон улсын парламентын холбооны хурал дээр очиход ч гэсэн Монголын парламентаас асуух гол зүйл нь энэ л байна. Тиймээс бид үүн дээр юу гэж хэлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Нийгмээрээ нэг байр суурьтай байх ёстой гэж бодож байна.

Нөгөө талаараа засаж залруулах, шалгаж тогтоох ёстой гэмт хэрэг С.Зоригийн хэргээр хязгаарлагдахгүй. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, ял завших гэх мэт олон асуудлууд бий. Шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргах шаардлага байсаар байна. Мэдээж шүүх, хууль хяналтын байгууллагад ажлаа шударгаар хийж байгаа хүмүүс бий гэдэгт би итгэлтэй байдаг. Шударга шүүгчдэд бодож суугаа зүйл байгаа л байх. Тиймдээ ч тэр хүмүүсийн ажлыг үгүйсгэхгүй байхын төлөө дуу хоолой нь болохыг хүсэж байна.

-Та НББСШУ-ны байнгын хорооны хурлын үеэр тус байнгын хорооны даргад нэр дэвшсэн. Хурлын үеэр Д.Оюунхорол гишүүнийг “Байнгын хорооны даргаас нэрээ татна уу” хэмээн хэлж байсан. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ?

-Өнөөдөр (өчигдөр) Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын сонгууль явагдсан. Нэр дэвшүүлэхдээ тулхтай улстөрч гэдэг зарчмаар явах ёстой юм уу, эсвэл Монголын нийгэмд бугшсан асуудлуудыг засаж залруулахын төлөө шударгаар явах уу гэдэг асуудлыг ярих ёстой болов уу. Үүн дээр намуудын дотоод асуудал харагдаж байгаа. Намын бодлого гээд буруу зөвийг хаацайлах зам руу явах ёсгүй гэж боддог. Ер нь намууд шинэчлэгдэх цаг болсон.

Намын санхүүжилт, намын шийдвэр гаргах процесс, намуудын бугшсан, илжирсэн, ялзарсан байдал ил гарах цаг ирсэн.

Зураг