Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярмагнай: Илрүүлээд байхад даргыг нь авч хаяна гээд байгааг ойлгохгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурор Д.Баярмагнай цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нэр бүхий найман шүүгчийн асуудлыг нийслэлийн Прокурорын газар шийдэхгүй, бариад байна гэж байна. Үүнд албан ёсны хариулт өгмөөр байна. Эдгээр хүнтэй холбоотой албан бичиг нь гуравдугаар сарын 26-н буюу өчигдөр ирсэн. Гэтэл гурван сарын өмнөөс шалгасан, сар барьсан гэх ташаа мэдээлэл өгч байна. 

Эдгээр шүүгч авлига, хээл хахууль, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал гарсан. Найман шүүгчийн дунд Дээд шүүхийн шүүгч ч бий, Захиргаа, иргэний хэргийн шүүгч болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч ч багтсан байна" гэлээ. 

Харин өмнө нь нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй шалтгааныг "2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр манайхаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд АТГ-т явуулсан. Гэтэл 14-ний өдөр буюу маргааш нь хэрэг бүртгэлтийн хэрэг дээр нэг ч цэг тавиагүй, нэг ч шалгалтын ажиллагаа явуулаагүй байж эдгээр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэсэн.

Хариуд нь би хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах болон бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байгаа бол үйл баримтаар нотолж ирүүл гэж хуулийн шаардлага хэлсэн. Хуулийн дагуу нэг ч ажиллагаа явуулаагүй байж ингэж болохгүй гээд буцаасан" гэлээ. 

С.Зоригийн хэрэг дээр прокурорт сэжиг таамаг төрөөд, АТГ-т үүнийг шалга гээд өгсөн

С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн тухайд "С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас тэр бүр прокурор орж ажиллаагүй ба зөвхөн эрх олгогдсон алба хаагчид л ажиллагаанд оролцсон. Би үүнд ямар нэгэн байдлаар оролцоогүй.

Энэ хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан. Мөн шалгагдаж дууссан тус хэрэгт хэргийн холбогдогч нар болох ял эдэлж байгаа хүмүүс болон хэргийн гэрч Б.Булган мөн гомдол гаргасан, хууль бусаар шийдлээ гэж.

Ийм утгатай гомдол санал ирж байсан учраас прокурор хорих хаалттай 409 дүгээр ангид очиж, Ц.Амгаланбаатартай уулзсан. Тэгэхэд Ц.Амгаланбаатар энэ хэрэг буруу шийдэгдсэн, хэрэгт бид гурав ямар ч холбоогүй, тагнуулын ажилтнууд биднийг зодсон гэсэн.

Түүний дагуу хяналтын прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, АТГ-т харьяалал тогтоон шалгуулсан. Энэ явцад мөрдөх байгууллагуудаас санал ирснээр дээрх хэрэг дээр явагдсан гүйцэтгэх ажиллагааны баримт мэдээллийг гаргуулан авъя гэдэг тогтоолыг прокурор үйлдээд Тагнуулын ерөнхий газарт өгсөн. Үүний дагуу бичлэгүүд ирсэн. Энэ асуудлыг одоо яриад байгаа.

Нууцад хэвээр үлдээсэн мэдээ мэдээлэл нь одоо яригдаад байгаа бичлэг юм. Тэгэхээр хамаагүй ил задруулж болохгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуулийнх нь дагуу эрх бүхий албан тушаалтан нь яаж ил болгох ёстой вэ гэдгийг анхаарч, Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газрын шийдвэрээр ил болгох байх.

Гэхдээ чухам журмаар нь ил болгож байгаа үгүйг мэдэхгүй байна. Хамгийн чухал нь өмнөх шийдвэрлэгдсэн хэрэг дээр нууцлагдсан байсан хэсэг гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй. Хууль зөрчигдөхвий гэдгээс сэргийлж байна" хэмээв.  

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай "С.Зоригийн хэрэг дээр прокурорт сэжиг таамаг төрөөд, АТГ-т үүнийг шалга гээд өгсөн. Үүний дагуу АТГ шалгаад ил болголоо. Гэтэл Ц.Нямдорж гэж сайд өөрөө ил болгосон юм шиг, хууль, хяналтын байгууллага шалгах сонирхолгүй байгаа мэт буруу харагдуулаад байна. Шалгаад хянаж байгаа газар нь НПГ, АТГ. Илрүүлээд байхад даргыг нь авч хаяна гээд байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэг дээр прокурор өөрөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм шүү" гэлээ.