Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Энэ бичлэгийг зөөлрүүлж олон нийтэд үзүүлэх үү гэдэг зүйл яригдаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа. 

-Хууль зүйн байнгын хорооны хурлаас ямар саналууд гаргасан юм бэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 

-Нэр бүхий гишүүд хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээс тэс өөр хуулийн төсөл оруулж ирэх асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шинж чанартай, эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон тэр тэр албан тушаалтныг шууд огцруулсугай гэсэн агуулгатай төсөл орж ирсэн

Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллагын удирдлагыг огцруулах заалт нь өөр. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн саналаар огцруулж чөлөөлдөг. Энэ хууль батлагдвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно гэсэн байр суурьтай гишүүд ч байгаа. Мөн зарим гишүүдийн зүгээс эрүүдэн шүүсэнтэй холбоотой зөвлөмж гаргах ёстой. Тэр тохиолдолд төслийг дэмжих боломжтой гэсэн. 

Тиймээс энэ хүрээнд Монгол Улсын нэгдсэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу эрүүдэн шүүлт бодитой болсон гэх нөхцөл байдал бүрэлдсэн бол оролцлогч орон даруй арга хэмжээ авна гэж хүлээсэн үүргийнхээ дагуу зохицуулалт оруулсан. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38.1.8-д ҮАБЗ-өөр гэдгийн өмнө “эрүүдэн шүүсэн гэдэг хангалттай нөхцөл байдал бүрэлдсэн нь тогтоогдсон” гэж оруулахаар болсон. Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуульд яг ийм заалт орсон байгаа. 

-Энэ хэвээр батлагдвал АТГ-ын дарга чөлөөлөгдөхгүй үлдэнэ гэсэн үг үү. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг АТГ-аас шалгаагүй?

-Тэрийг би мэдэхгүй. Эрүүдэн шүүсэн бичлэгийг одоо 18:00 цагаас чуулганы танхимд үзэх гэж байна

-Эрүүдэн шүүсэн гэдгийг хэн нотлох юм бэ?

-Бид эрүүдэн шүүх ажиллагаа болсон нь гэдэг үг оруулбал хууль зөрчинө. Хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа учир. 

-Эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол хуулийн байгууллагын удирдлагууд чөлөөлөгдөх юм байна. Өмнөх удирдлагуудад ч бас хариуцлага тооцох уу? 

-Тэгнэ. Хариуцлага тооцно. 

-Хэдэн хүнд хариуцлага тооцох вэ? 

-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан С.Зоригийн хэргийг Анхан болон давж заалдах шатны гурав гурван шүүгч, хяналтын шатны таван шүүгч шийдсэн. Прокурорын байгууллагаас ажлын хэсэг ажилласан. Тагнуулын байгууллагаас шалгасан. Маш их нууцалж байсан учир ямар хам хүрээтэй энэ хэргийг шалгасныг мэдэхгүй. 

- Эрүүдэн шүүсэн үйл явдал нь яг хэзээ болсон бэ. Хэдэн онд ажиллаж байсан дарга нарт хариуцлага тооцох юм. 

- Сүүлд яллагдсан гурван хүнд эрүүдэн шүүх ажиллагаа явагджээ гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж бидэнд ярьсан. Бичлэгийг үзэх эрхтэй хүн энэ бичлэгийг зөөлрүүлж олон нийтэд үзүүлэх үү гэж ярьж байна. Түүнээс биш хүнтэй зүй бусаар харьцаж зодож, заншиж буй зүйл бичлэгт тодорхой байгаа.

Өнөөдөр ийм нөхцөл байдал үүсчихээд байхад хууль, хяналтын байгууллагын удирдлагуудын хэн нь ч дуугарахгүй байна. Угтаа бол тэр хүмүүсийг нэг ч өдөр тэнд байлгах ёсгүй. Эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан бол гурван шатны шүүхийн шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлээд шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгээд хэргийг дахин шалгах ажиллагаа явагдах ёстой. Явагдахгүй учраас өнөөдрийн хуулийг санаачилсан гэж ойлгож байна. Хэн, хэнийг шалгах ёстойг би мэдэхгүй. 2013 оноос хэрэг шалгагдаж эхэлсэн. 2017 онд шийтгэгдсэн. Тэр хүмүүс дөрвөн жилийн хугацаанд яллагдсан

-Та бичлэгийг үзсэн үү? 

-Тусгай хяналтын хорооны зарим гишүүд үзсэн гэсэн

-Хуулийн заалтыг өөрчилснөөр Үндсэн хуульд харшлаагүй гэж ойлгож болох уу? 

-Үндсэн хуульд харшлаагүй.