Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болорсайхан: “Эзнээ сольсон нь” гэдэг Жорж Орвеллын зохиол дээр гардаг шиг түүх болж магад

Ч.Болортуяа
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-  Улсын Их Хурал хэлэлцэхээр дэмжсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний агуулга нь хүний эрх талаас оновчтой эсэхийг лавлаж байна. Та санаа бодлоо хуваалцахгүй юу?

- Хүний эрхийн талаас тайлбарлахын өмнө Үндсэн хуульдаа бид төр ямар үүрэгтэйг тодруулж хэлье.

Төр нь хүний аюулгүй байдлыг хангах, тэр дундаа аливаа хүний бүх эрх, эрх чөлөөг эдлэхүйц орчин бүрдүүлэх ёстой. Хууль зүйн, эдийн засгийн, хүрээлэн буй орчны гэх мэт. Хууль зүйн баталгаа гэж хуулиар таныг хамгаалдаг байх тухай ойлголт гэж болно. Харин хүн төрөлхтний төдийгүй Монголчууд бидний түүхэн сургамж, олон хүний амь нас, цус, нулимсаар олж авсан мартаж үл болох дурсамж бол эрүүдэн шүүх, шударга бусаар шүүлгэх гэж болно.

Иймээс дэлхийн улс орнууд өөрсдийн Үндсэн хууль, мөн олон улсын хүний эрхийн гэрээгээр эрүүдэн шүүхээс ангид байх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаажуулж эдлүүлдэг. Төр үүргээ биелүүлдэг.

Гэтэл манай улсад юу болсон бэ гэхээр хуулийн байгууллагын ажилтан хэн нэгэн этгээдийг эрүүдэн шүүсэн бол тусгайлан шалгадаг мөрдөн байцаах алба цагдаагаас тусдаа байсан. Гэтэл 2014 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, цаашилбал УИХ-ын 2014 оны 1-р сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолын дагуу Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан.

Үүний өмнө 2008 оны 7-р сарын 1-ний үйл явдлаас шүүхийг цагдаа хамгаалж чадахгүй, даргаа хамгаалахын тулд шүүх рүү цагдаа халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг нөхрөөсөө салах өргөдөл өгсөн хохирогчийг шүүх танхим руу явахад цагдаа хамгаалж чадалгүй хутгалуулж амь насыг нь алдсан явдал гарсан. Энэ бол Тахарын алба байгуулах үндэс болсон юм. Өөрөөр хэлбэл анх удаа гэрч, хохирогч, шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг бүрэн хангах тогтолцоотой болсон. Гэтэл 2016 онд уг албыг татан буулгасан.

Өөрсдөө шударга шүүхтэй байх тогтолцоог мэрж нурааж хаячихаад, түүнийг харж байсан мөртөө санал өгч дэмжсэн мөртлөө, гэнэт шударга ёс гэж ярих нь эрх барьж байгаа намын төлөөлөгчид ямар явцуу ашиг сонирхолтойг харуулчихлаа.

Нэг эсвэл цөөн бүлэг хүнд эрх мэдэл өгч болохгүйг орчин үеийн түүхээс их хэлмэгдүүлэлт, сэхээтний төөрөгдөл зэрэг түүхэн нугачаанаас харж болно. 

Хэрэгтэй үедээ хүний эрх ярьдаг, хэрэггүй бол дэмждэггүй. Өөр нэг жишээ бол хүний эрх хамгаалж байгааг хүмүүсийг төр хүлээн зөвшөөрч, эрхийг нь хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэсэн Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийн төслийг сая 2-р сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхдээ “Төсөв хүндэрнэ. Өөр хуулиар хангалттай хамгаалсан. Хүний эрх хамгаалагч бол хүний эрхийн тухай сургалт, сурталчилгаа хийдэг хүн, хүний эрх хамгаалдаггүй” хэмээн тус хуулийн төслийг дэмжээгүй байх жишээтэй.

Өчигдөр хэлэлцсэн хуулийн төсөл бол “Шударга шүүхтэй байх, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг эдлүүлнэ” гэсэн шалтгаар эрх мэдлийг 3 хүн өөртөө бүрдүүлж байна гэсэн үг.

Нэг эсвэл цөөн бүлэг хүнд эрх мэдэл өгч болохгүйг орчин үеийн түүхээс их хэлмэгдүүлэлт, сэхээтний төөрөгдөл зэрэг түүхэн нугачаанаас харж болно.

Эрх мэдэлтэй нэг хүн ард түмний эсрэг ямар аймшигтай бодлого, шийдвэр гаргадаг тод томруун жишээ. Энэ бол түүхэн сургамж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гэсэн 3 албан тушаалтан ямар ч хөндлөнгийн хяналтгүйгээр шүүхийг нураана, шүүгчийг буруутгах боломжтой. Нэг үгээр маш буруу шийдвэр.

Цагдаа одоо эрүүдэн шүүсэн хэргийг шалгаад, гэрч хохирогчоо хамгаалаад, шүүхийн аюулгүй байдлыг хангаж байна. Маш ачаалалтай. Мөн маш эрх мэдэлтэй. Нэг ангийн, ажлын, хэлтсийн, сургуулийн хүмүүс нэгнээ шалгах хэр оновчтой вэ? Үүний оронд өөр өөр байгууллагын тусдаа хуулиар чиг үүрэг хүлээсэн хүмүүс ажиллах нь зүй зохистой.

- Төрийн түшээдийн зүгээс шударга ёсыг хангахын тулд тогтолцоог өөрчлөх ёстой гэж онцолсон, зөвтгөсөн. Та буруу гэж байгаагаа дэлгэрүүлж хэлнэ үү? 

- Эрх мэдлийн төлөөх тулаан нь мөнгөний төлөө тэмцэлдэж байна гэж харж болно.

“Ард түмэн ядуу байгаа тул бид уул уурхайг өөрийн болгоно”, “Шүүх буруу шийдээд байгаа тул шүүгчдийг үндэсний аюулгүй байдалд харш шийдвэр гаргавал шүүгч биш болгоно” гэнэ.

Үгүй ээ, энэ бол 1992 онд монгол хэлээр “Эзнээ сольсон нь” гэдэг Жорж Орвеллын зохиол дээр гардаг шиг түүх болж магад. Анх амьтад дундаа тохирсон 7 дүрмийг “Бүгдийн сайн сайхны нэрээр” гагцхүү нэг амьтны төлөө өөрчилж байгааг мэдэхгүй яваа тухай гардаг. Аажимдаа нэг амьтан бусдыгаа дарангуйлж хэрхэн мөлжиж буйг харуулдаг зохиол.

Үндсэн хуулийн оршил хэсэгт заасан үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэх гэсэн мөрүүд нь зүйрлэж хэлбэл бүгд тэнцүү тэмдгээр холбоотой ойлголт, нэг нэгэнтэйгээ эн тэнцүү гэж болно. Үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хүний эрхийг хязгаарлахдаа хүртэл эрүүдэн шүүж болохгүй шүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Шүүх рүү дайрч байгаа нь хууль дээдлэх, эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлэхгүй хуваахын эсрэг үйлдэл.

Шүүгч буруу ажиллаж байгааг хуулийн дагуу шийдэж явахгүй бол дур зорго гаарна. Хуулийн дагуу хянах бүтэцгүй болж, дарангуйлал тогтоно.

Тодруулбал, овгийн байгууллын үе шигээ агуйн буланд сууж байгаа хамгийн ахмад, туршлагатай, булчинтай 3 хүний шийдвэрээр мах хэнд өгөхөө шийднэ.

- Асуудал байгааг та хэлж байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хийх ёстой вэ?

- Дээр дурдсанчлан эрх мэдэл нэг цэгт төвлөрүүлж буюу Үндэсний аюулгүй байдлын гишүүн 3 хүний зөвлөмжөөр шүүгч, прокурорт халддаг байж болохгүй.

Улс төрчид хууль дээдлэхгүй, өөрийгөө дээдэлсэн хүнийг өргөдөг, дэмждэг болно. Иймээс УИХ буюу хууль тогтоодог газраас тусдаа хуулийг хэрэгжүүлдэг, мөн буруу зөвийг тогтоодог байгууллага байгуулах нь зүйтэй гэдгийг хүн төрөлхтөн олон зуун жилийн туршлагаас олж авсан.

Мөн ардчилал нь нэг нэгнээ хянах боломжийг бүрдүүлдэг. Дээрх хуулийн төсөл бол хяналт тэнцэл биш, дарангуйллын эх үндэс болно.

Шүүхийн хараат бус байдал нь аливаа хүний эрхийг эдлүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Үүнтэй уялдан шүүх эрх мэдэл рүү гүйцэтгэх эрх мэдлээр далайлгах эсхүл улс төрийн ямарваа нэгэн нөлөө, хяналтаас ангид байлгах нь зүйтэй гэж судлаачид үздэг.

Шийдлийн тухайд нэг нэгнээ давхар хянадаг байхын тулд хараат бус байгууллагууд хэрэгтэй.

Эрүүдэн шүүх гэмт хэргийг хянан шалгадаг мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд дахин байгуулах, Тахарын ерөнхий газрыг дахин байгуулах, хангалттай төсөв хувааж өгөх, мөн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмыг холимог бүрэлдэхүүнтэй  буюу төр, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан байгуулж сайжирна. Миний хувьд асуудлыг шийдэхийн тулд шуурхай ажиллаж чаддаг жишгээ дагаж, дээрх 3 байгууллагыг даруй байгуулахаар хуулийн төслөө оруулбал зохино.