Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурор зөвшөөрвөл УИХ-ын гишүүдэд иргэдийг эрүүдэн шүүж буй бичлэгийг үзүүлнэ гэв

Б.Ану
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж буй бичлэг байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй.

Тэгвэл энэхүү бичлэгээс үүдэн хууль, шүүхийн салбарыг шинэчлэх, өөрчлөх боломжийг өөр хүмүүст өгөх ёстой гэсэн байр суурийг Ц.Нямдорж өчигдрийн чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганы хугацаанаар хэлэлцэхийг дэмжиж асуудлыг Хууль зүйн байнгын хороо руу шилжүүлсэн.

Өнөөдөр өглөө 09:00 цагаас хуралдах ёстой байсан Байнгын хорооны хурал ийнхүү хойшлох болсон шалтгаан нь МАН-ын дотоод хуваагдал нөлөөлж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Мөн Ц.Нямдорж сайдын яриад байгаа бичлэгийг гишүүдэд үзүүлэх зөвшөөрөл авахаар Прокурор руу хандаад байгааг эх сурвалж хэлэв.

Гэхдээ хуульч, судлаачид эрүүдэн шүүлт үнэхээр явагдсан бол тухайн хэргийг хариуцах хууль, хяналтын байгууллагад нь л зохих хариуцлагыг ногдуулах ёстой болохоос шүүх засаглалыг бүхэлд нь ганхуулах хуулийн өөрчлөлт хийх ёсгүй гэж үзэж байгаа билээ.