УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр Татварын багц хуулийг хэлэлцэж байна. Уг хуультай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр зарим санал гаргасан тул Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг дахин хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэх шаардлагатай хэмээн үзэж, чуулганы хуралдааныг түр завсарлуулан хэлэлцээд, дахин үргэлжилсэн юм.
Төсвийн байнгын хорооны хурлаар:
Төслийн 7 дугаар зүйлд 7.2, 7.3 дахь буюу “Монгол Улсын татварын 29 төрлийг нарийвчлан заасан хэсэг, түүнчлэн 8 дугаар зүйл буюу татварын хувь, хэмжээг тодорхой тогтоосон хэсэг, татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмжийг агуулсан 80 дугаар зүйл нэмэх” гэсэн саналыг ийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэмж санал хураалт явуулжээ.
Тодруулбал, хуулийн төслийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.4, 70.8 дахь хэсгийг хасаж, мөн зүйлд дор дурдсан агуулгатай
“Татвар төлөгч өөрийн ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас татварын өр, хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нөхөн ногдуулалтын актын өр, эсхүл нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлын дагуу төлөхөөр Маргаан таслах зөвлөлөөр болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн татварын өрийг татварын алба битүүмжилсэн хөрөнгө, энэ хуулийн 52.6, 52.7, 52.8-д заасан барьцааны зүйлээс Иргэний хуулийн холбогдох заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүлд мөн хуульд заасан журмын дагуу шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлнэ” гэсэн агуулгатай 70.2 дахь хэсгийг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжжээ.
Төсвийн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон Ажлын хэсэг хариулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Хуулийн төслөөр хэвийн зээлд 1%-ийн татвар ногдуулахаар орж ирж байгаад ААН-үүд, арилжааны банкууд болгоомжилж байна. Хүн бүр зээлийн хүүг бууруулж өгөх хүсэлт тавьж байхад дотоодын ААН-ийн санхүүжилт авах чадварыг улам доройтуулсан заалт орж ирж байгааг тайлбарлахгүй юу?
-Дотоодын ААН-ийн санхүүжилт авах чадварыг ингэж хүндрүүлсэн хэрнээ гадаадын ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлсэн зүйл харагдаад байна. Монгол Улсад гадаад хөрөнгө оруулагчдыг дэмжих зайлшгүй шаардлага байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтай компаниудын одоо төлж буй 10-20 хувийн татварыг 5-10 болгон бууруулсан байна. Энэ нь уул уурхайн компани, тэр дундаа “Оюу Толгой”-д хамаарах уу? гэсэн юм.
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Арилжааны банкууд хэвийн зээл дээрээс 1%-ийг эрсдлийн санд бий болгох гэсэн л заалтыг оруулсан. Түүнээс биш хэвийн зээлээс 1%-ийн татвар авна гэсэн ойлголт байхгүй. Арилжааны банкууд дээрх татварын орчин хэвээр байгаа.
-Зээлийн хүүг бууруулах чиглэлийг нэлээд бодож, 2 зүйлийг харсан.
Нэгдүгээрт, манай улсын аж ахуйн нэгжүүдийн нийт санхүүжилтийнх нь эх үүсвэрийн 90-95 хувь нь банкны зээлээр санхүүжиж явдаг. Гэтэл дэлхий нийтийн хөгжлийг аваад үзвэл хувьцаанд санхүүжилт хийдэг, хувьцаа авах замаар санхүүжилт босгоод явдаг бөгөөд энэ нь ямар нэгэн хүүгийн дарамтгүй, өөрсдөө эрсдлээ үүрээд явдаг. Энэ чиглэлээр бодож байгаад Сангийн яам хувьцааны зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх чиглэлээр нэлээд санал оруулж ирсэн. Харамсалтай нь “Оюу Толгой”-той хардагдаад хасагдаж байх шиг байна. Ирээдүйд хөрөнгийн биржийг дэмждэг, хувьцаагаар дамжуулж хөрөнгө босгодог санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх нь манай орны хувьд чухал.
Дараагийн нэг зүйл нь, гаднаас санхүүжилт босгон Монголд оруулж ирж ашиглаад гаргахад нь 20%-ийн татвар авдаг учраас Монголд ирэх зээлийн хүү буухгүй байгаа юм. Тиймээс бид 5% болгон бууруулж орж ирсэн. Гэтэл мөн л гадны эрх ашгийг хамгааллаа гэж байна. Үнэн хэрэгтээ тэтгэвэр, цалин, бизнесээ барьцаалж зээл авч байгаа ахмадууд, албан хаагчид, бизнесийнхэн бүгд тэр 20%-ийг хувиасаа төлдөг байхгүй юу. Гаднаас орж ирээд зээл болоод гарч байгаа эх үүсвэрийн 20 хувийн татварыг 5% болгосноор зээлийн хүү буурна гэж үзсэн. Одоо байгаа мөнгөний эх үүсвэр дотор эргэлдээд байвал хэзээ ч зээлийн хүү буухгүй.
“Оюу Толгой” компани тогтвортой байдлын гэрээ байгуулсан тул энэ заалтуудыг өөрсдөө ашигтай гэж үзвэл ашиглана, ашиглахгүй ч байх боломжтой, сонголтын л асуудал байгаа.
Хөрөнгийн биржтэй холбоотой гаднаас хөрөнгө татахад тухай заалтад уул уурхайн компани хамаарахгүй гэдгийг тусгаж өгсөн гэлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол зарчим, үндсэн зорилт нь хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татварын тайлан, бүртгэлийн ажиллагааг хөнгөвчилж, таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа. Энэ үүднээс
тогтолцоог бүрдүүлэх юм гэдгийг тодотголоо. Мөн хууль батлагдсанаар татварын байгууллага нь бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, татвар төлөгч иргэддээ үйлчилдэг, торгож дарамтлахдаа биш, алдаа мадгийг нь засаж залруулах, зааж зөвлөдөг байх чиглэлд илүүтэй анхаардаг болно. Энэ чиглэлээр татварын багц хуулийг хэрэгжүүлэх 43 журам, зааврыг боловсруулан баталж мөрдүүлнэ гэдгийг хэллээ.
Байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.
Мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн есөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!