Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааг өнөөдөр танилцууллаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн байдаг. Энэ жилийн судалгааг 2017 оны судалгаатай харьцуулахад Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар нийт дүнгээрээ 7 хувиар нэмэгдсэн байна. 

СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА:

30 жилийн хугацаанд бүх яамдын хаяг 2-6 удаа өөрчлөгдсөн байна

 
Гэрэл зургийг MPA.mn

ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Энэ удаагийн тайлангийн онцлог нь анхны тайлангаасаа аль дүүрэг нь аль үзүүлэлтээрээ сайн байна вэ гэдгийг харуулсан. Товчоор хэлбэл энэ тайлан бол хөгжлийн хэмжүүр юм. Одоо энэ хэмжүүрээ хэрэглэж үр дүн гаргах нь чухал. Дэлхийн бүх хотууд тайлангийн номоо гаргаж, хөгжиж байна. Дүүрэг сайжирвал нийслэл, нийслэл сайжирвал улс орон сайжрах тул бид ийм хэмжүүр хийгээд байна. Судалгаанд ямар нэгэн субъект байхгүй.

Өнгөрсөн жил өрсөлдөх чадварын хувьд нийлбэр дүнгээрээ Баянгол дүүрэг эхний байр эзэлсэн бол энэ жил Хан-Уул дүүрэг эхний байр эзэлсэн. Ийм дүн гарахад миний болон хэн нэгний нөлөө байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ удаагийн тайлангийн бас нэг давуу тал нь дүүрэг тус бүрийн давуу, сул талыг гаргасан. Судалгаа үнэгүй ба уншихад нээлттэй байгаа. Хувийн болоод хувьсгалын ажилдаа ашиглаж болно. Мөн эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дүүрэг, нийслэл, улс орондоо хувь нэмрээ оруулах гэсэн нийгмийн төсөл юм.

Ер нь манай улс өрсөлдөх чадвараараа ухарч буйн хамгийн гол хүчин зүйл бол засаглалын асуудал. Засаглалыг харахад ямар ч тогтворгүй байна. Хүн нь тогтворгүйгээс гадна бүтэц нь хүн нь тогтворгүй төөрдөг байшин шиг болчихсон. Судлаад үзэхэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүх яамдын хаяг 2-6 удаа өөрчлөгдсөн байна. Тэгэхээр Монголд тогтворгүй байдлын хямрал болчихсон. Нэр, хаяг, бодлого, боловсон хүчин нь тогтворгүй. Үүнийг засахад хэцүү биш дээ. Өөрчлөлт, бужигнуулалт хийхээ л больчих хэрэгтэй шүү дээ. Гэх мэтийн засаж болох дутагдлыг тайлангаас харж болно. Оношоо зөв олбол эмчлэгдэнэ. Бид оношилчихсон дарга нар эмчлэх л үлдлээ.

Улаанбаатар хот, 9 дүүргийн эдийн  засаг, засаглал, бизнес, дэд бүтэц зэргийг цогцоор нь судалсан 150 үзүүлэлтээс бүрдсэн

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Тунгалаг “Энэхүү судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх, цаашлаад иргэдийн оролцоог хангасан, өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох юм. Бид дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг 2 дахь удаагаа гаргаж байна. Энэ удаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр гаргасан. Монгол улсад хотжилт маш эрчимтэй байгаа. Гэхдээ хотжилт нь бидэнд ямар үр нөлөөг дагуулж байна вэ гэдэг нь чухал асуудал. Бид судалгаагаараа үүнд хариулт өгч, хот, дүүргийн удирдлагууд, иргэдийг бодитой мэдээллээ хангах зорилгоор өрсөлдөх чадварын судалгааг хамарсан.

Судалгаанд Улаанбаатар хот, 9 дүүргийн эдийн  засаг, засаглал, бизнес, дэд бүтэц зэргийг цогцоор нь судалсан 150 үзүүлэлтээс бүрдсэн.

Үр дүнгээс нь дурдахад ер нь өрсөлдөх чадварыг 0-1 хооронд үнэлдэг. Харин Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын хувьд 0.5 орчим оноотой гарсан байна. Энэ нь харьцангуй өрсөлдөх чадвар сайтай буюу дундаж түвшинд явж байна гэж ойлгож болно.

Мөн 9 дүүргүүдээ хооронд нь харьцуулж өрсөлдөх чадварыг нь гаргасан. Ингэхэд Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн. Харин алслагдсан буюу Багахангай, Налайх, Багануур дүүргийн өрсөлдөх чадвар харьцангуй сул байгаа. Алслагдсан дүүргүүдийн хувьд амьдрах орчин нь илүү ая тухтай хүн амын бөөгнөрлөөс бүрдсэн асуудал бага байдаг. Гэтэл нөгөө бөөгнөрөл ихтэй дүүргүүдэд орчны, бохирдлын асуудал их гарч байгаа нь судалгаагаар ажиглагдсан.

Өмнөх 2017 оны судалгаатай харьцуулахад Улаанбаатар хотын ерөнхий өрсөлдөх чадвар нийт дүнгээрээ 7 хувиар нэмэгдсэн. Мөн судалгаанаас харахад бохирдлын асуудлыг анхаарах хэрэгтэй байна” гэв.

Дүүрэг болгон ижилхэн бодлого барина гэхгүйгээр дүүргийн онцлогт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах нь зөв

 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг “Улаанбаатарын хүн амын ихэнх нь залуучууд харагддаг. Бас хөгжөөгүй хэд хэдэн салбар харагддаг. Тэр салбаруудаа энэ судалгаанд үндэслээд хөгжүүлэх боломжтой. Гарааны бизнес болон эдийн засгийн шинэ салбарууд хөгжих боломжтой гэж үздэг. Энэ тайлан ганц эдийн засаг биш цогцоор нь үзүүлсэн тул салбар болгонд ахиц гарах боломж бүрдүүлж байна.

Мөн дүүрэг болгон ижилхэн бодлого барина гэхгүйгээр дүүргийн онцлогт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах нь зөв. Гэхдээ нийслэлийнхээ бодлоготой уялдсан байх ёстой” хэмээн хэллээ.