Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Содномдамба: “Экспортын хурдасгуур” хөтөлбөр 10 долоо хоног үргэлжилнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Монголын Жижиг дунд бизнес эрхлэгчид болон Гарааны бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, зуучлах бодит боломж бүхий “Экспортын хурдасгуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус хөтөлбөрийг Мэдээлэл технологийн үндэсний парк, Сингапурын ACE (Action Community for Entrepreneurship) байгууллагатай хамтран зохион байгуулах ба хөтөлбөрт бизнесийн байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид, бүтээлч үйлдвэрлэл, гарааны компаниудыг бүртгэх юм байна.

Сингапурт болох “Market Access program”-д Монгол Улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр шаардлага хангасан гурван байгууллагыг хамруулж явуулна

Мэдээлэл технологийн үндэсний паркийн ерөнхий захирал Ц.Содномдамба “Мэдээлэл технологийн үндэсний парк Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны компаниуд, бизнесийн байгууллагуудыг Азийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, зуучлах зорилгоор Азийн Силикон Валлей хэмээн нэрлэгддэг Сингапурын Action Community for Entrepreneurship /ACE / байгууллагатай хамтран энэ оны долоодугаар сард Сингапурт болох “Market Access program”-д Монгол Улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр шаардлага хангасан гурван байгууллагыг хамруулж явуулна.

Ингэснээрээ нэг сумаар хоёр туулай буудах болсон. Өөрөөр хэлбэл,  ACE-н хөтөлбөрт хамрагдахаас өмнө Мэдээлэл технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоо хамтран  “Экспортын хурдасгуур” хөтөлбөрийг Монголд зохион байгуулах гэж байна. Энэ нь Сингапурт очих бэлтгэлээ хангах боломжийг олгох юм. 

Энэ хөтөлбөрт хамрагдаад шаардлага хангасан гурван байгууллагыг ACE-тэй хамтарсан хөтөлбөрт хамруулна. Нөгөө талаар Азид байгаа бүх боломжит зах зээлд манай бизнес эрхлэгчид гарах боломж бүрдэж байгаа юм.  “Экспортын хурдасгуур” хөтөлбөр нь 4 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 25-ны хооронд 10 долоо хоног үргэлжилнэ. Мөн ирэх намар Азийн залуу Энтерпренер хөтөлбөрийн үйл ажиллагааг Монголд явуулж, ялагчид Сингапурт өрсөлдөнө” гэв.

“Экспортын хурдасгуур” хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 3 дугаар сарын 20 сарын 4 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдана

Гэрэл зургийг mpa.mn

Азийн бизнесийн холбооны үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал О.Энхзул:  “Экспортын хурдасгуур” хөтөлбөрт хамрагдсан байгууллагууд Австрали, Филиппинээс гаралтай Ази номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, өндөр туршлагатай мэргэшсэн менторуудын удирдлага дор 10 долоо хоногийн турш бэлтгэгдэнэ.  Мөн хөтөлбөрөөс  шаардлага хангасан байгууллагууддаа тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Ийнхүү шалгуур үзүүлэлтийг хангасан компаниуд 2019 оны 7 дугаар сард Сингапур улсад зохион байгуулагдах “Market Access program” 3 долоо хоногийн хөтөлбөрт санхүүгийн хөнгөлөлттэйгээр хамрагдана.

Камбож улсад зохион байгуулагдах Азийн бизнесийн холбооны 2019 оны чуулганд хамрагдаж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Азийн зах зээлд нэвтрүүлэх боломжуудаар тус тус хангагдах байгаа. 2019 онд Сингапураас бусад бүх улсад АСЕАН-ы орнуудын ДНБ нь 4-7 хувийн хооронд өсөх төлөвтэй байна.

“Экспортын хурдасгуур” хөтөлбөрт дотооддоо танигдсан, хэрэглэгчидтэй, экспортод гарахад бэлэн болсон, хүний болон санхүүгийн нөөцтэй байгууллагууд хамрагдах ёстой.

Ийнхүү Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлттэй хөл нийлүүлэн бизнесээ өргөжүүлэн, бүс нутгийн бизнесийн тоглогч болох өндөр үр дүнтэй, зардал, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг энэхүү хөтөлбөрөөр танд болон танай байгууллагад олгож байна” гэв.

Гэрэл зургийг mpa.mn

“Экспортын хурдасгуур” хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 3 дугаар сарын 20 сарын 4 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдана.

 Бүртгэлийн талаарх мэдээллийг эндээс харж болно.