"Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая" зорилтод хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг "Миний анхны робот" бүтээлч арга хэмжээ боллоо. Энэ удаагийн цувралаар замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой байгаль орчинд ээлтэй Line Trace Robot автобус угсрах онолын сургалт болон бүтээлч арга хэмжээг явууллаа.
Дөрөвдүгээр цуврал болох “Миний анхны робот-4” бүтээлч арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд зориулан хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд япон багш, япон улсад практикаар ашиглаж буй тусгай замаар явдаг, жолоочгүй автомат үйлдлийн системтэй Line Trace Robot автобусын талаарх онолын сургалтыг Үйлдвэрлэлийн инновацийн газарт явуулсан юм.
Сургалтад нийслэлийн 20 гаруй сургуулийн 30 гаруй сурагч хамрагдаж, роботоо өчигдөр угсрав. Тус сургалтад хамрагдсан хүүхдүүдэд уламжлал ёсоор угсарсан роботыг нь бэлэг болгон өгөв.
"Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая" зорилтод хөтөлбөрийг санаачлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа Улаанбаатар хотынхоо хүүхэд, багачуудыг технологийн мэдлэгт дурлуулах, мөн ирээдүйн бүтээн байгуулалтад гар бие оролцох бүтээгчид болгон хүмүүжүүлэх, сэдэл өгөх үүднээс онол болон практикийн сургалтыг ийнхүү хослуулж байгааг онцоллоо.
Ташрамд сонирхуулахад, дөрвөн удаагийн эл сургалтад нийтдээ 200 гаруй сурагч хамрагдсан ажээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!