Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны Холбооны шинэ Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг тус холбооны чуулганаар шийдвэрлэнэ

Б.Ану
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Голомт Банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг ажлаа хүлээлгэн өгсөн тухай өөрийн олон нийтийн сүлжээ дэх хуудсуудаараа мэдэгдсэн. Одоогоор тус банкны гүйцэтгэх захирлаар шинээр томилогдох хүний мэдээлэл тодорхойгүй байна.

Ө.Ганзориг “Өнгөрсөн хугацаанд Голомт Банкны гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа 100 мянган хүнийг хуримтлалтай болгоё гэж зорьсноо биелүүлж чадлаа. Үүнийг Голомт Банкны хүчирхэг 2,000 залуу хийлээ. Энэ бол бидний улс орондоо оруулж буй хувь нэмэр юм” гэжээ.

Тэрбээр 2016 оны тавдугаар сараас Голомт Банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан бөгөөд түүнээс өмнө 2015 оны нэгдүгээр сард тус банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Өмнө нь Мандал Даатгалын Ерөнхий Захирал, Тэнгэр Даатгалын Захирал, Улаанбаатар хотын Банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Хас банкны Гүйцэтгэх Захирлын зөвлөхөөр ажиллаж байсан.

2018 оны IV улирлын байдлаар Банкны секторын нийт активын 87 хувийг топ 6 банк, 64 хувийг топ 3 банк эзэлж байна.

Активын улирлын өсөлтийн хувьд IV улиралд Голомт Банк 16 хувийн өсөлт, Төрийн Банк 13 хувийн өсөлт үзүүлсэн тухай Монголын Банкны Холбооны тайланд дурджээ. 

График 1, Банкуудын активын хэмжээ,  2018 оны IV улирал, Эх сурвалж: МБХ

Ө.Ганзориг нь сүүлийн жил орчим хугацаанд Монголын Банкны Холбооны (МБХ) Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд Голомт Банкны гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөхтэй холбогдуулан холбооны ерөнхийөгчийн ажлаа ч хүлээлгэн өгч байна. МБХ-ны шинэ Ерөнхийлөгчийг тус холбоо чуулганаа зарлаж байж шийдвэрлэх аж.

Ө.Ганзориг банкны салбарт ажиллах хугацаандаа анх удаа "Зээлийн хүүг бууруулах стратеги" боловсруулсан байдаг. Үүний дараагаас төв банк мөн зээлийн хүү бууруулах стратеги боловсруулан ажиллаж байна. 

2018 оны IV улирлын байдлаар Банкны секторын зээлийн үлдэгдэл өмнөх улирлаас 5.4 хувь өсч 17.1 их наяд төгрөгт хүрсэн байна. 

2018 оны IV улирлын байдлаар Банкны секторын нийт харилцах хадгаламжийн хувьд:

  • 30 хувийг Хаан банк,
  • 21 хувийг Голомт банк,
  • 17 хувийг Худалдаа хөгжлийн банк,
  • 8 хувийг Хас банк,
  • 10 хувийг Төрийн банк,
  • бусад банк 15 хувийг эзэлж байна.

Банкуудын харилцагчаас татсан эх үүсвэр буюу харилцах хадгаламжийн хэмжээ IV улиралд системийн хэмжээнд 1.7 их наяд төгрөгөөр буюу 9.1 хувиар өссөн бол энэ улиралд Төрийн банк болон Голомт банкны харилцагчийн эх үүсвэр системийн дунджаас өндөр өсөлт үзүүлжээ.

График 2, Банкны секторын нийт харилцах хадгаламжийн хэмжээ,  2018 оны IV улирал, Эх сурвалж: МБХ 

Ашигт ажиллагааны үзүүлэлт буюу өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хаан банк 17 хувиар тэргүүлж 9 хувиар Голомт банк, 6 хувиар Хас банк удаалжээ. 

Ө.Ганзориг Голомт Банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд тус банкны нийт актив дөрвөн их наяд төгрөгөөс зургаа их наяд төгрөг болж нэмэгдсэнийг тус банкны санхүүгийн мэдээллээс харж болох ажээ. 

График 3, Ашигт ажиллагааны үзүүлэлт, 2018 оны IV улирал, Эх сурвалж: МБХ