Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын халдлагад цагаачлалыг буруутгасан Австралийн улстөрч толгой дээрээ өндөг хагалуулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Саяхан Шинэ Зеландад гарсан зэвсэгт халдлагад муслимуудын цагаачлал буруутай гэж хэлсэн Австралийн улстөрч өчигдөр өөрөө халдлагад өртжээ.

Түүнийг Мелбурн хотод сэтгүүлчидтэй уулзаж байх үеэр нэг залуу толгой руу нь өндөгөөр цохисон байна. Улстөрч үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй, 17 настай залуугийн нүүрэнд хоёр ч удаа цохиж амжжээ.

Халдлагад өртсөн улстөрч Фрэйзер Эннинг “Өнөөдөр Шинэ Зеландын гудамжинд гарсан цуст хэргийн үндсэн шалтгаан нь муслимуудыг тус улсад цагаачлахыг дэмжсэн явдал юм” гэж Баасан гарагт сошиал хуудсандаа бичиж байсан юм.

Удалгүй Австралийн бусад улс төрчид түүний мэдэгдлийг шүүмжилж, “Австралид ийм үзэл бодлыг багтаах орон зай байхгүй”, “Тэр Австралийг төлөөлөхгүй” гэх зэргээр хариу мэдэгдэж байлаа.

Бие даагч сенатор Эннинг нь хэт барууны үзлээрээ алдартай. 2017 онд тэр ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг санал өгсөн 12 сенаторын нэг болж, 2018 онд цагаачлалын хуулийг чангатгахыг шаардаж, тэр ч байтугай муслимуудыг Австралид ирүүлэхийг хориглох санал гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider