Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дусал усыг ч хэмнэе!

Зууны мэдээ
2019 оны 3 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
БИДЭНД БАЙГАА ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖ ЕРДӨӨ НЭГ ХАЛБАГА

Цэнхэр гаригт цөөн хэдэн жилийн өмнө хоёр тэрбум гаруй хүн амьдардаг байлаа. Энэ үед дэлхий дээр нэг тэрбум 440 сая километр куб усны нөөц байсан.Тэр үед энэ их усны зөвхөн нэг хувийг ашиглаж байсан гэдэг. Харин өнөөдөр Дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь усны хомсдолтой амьдарч байгаа юм. Монгол Улс дэлхий дахинд цэвэр усны хомсдолд орох эхний 20 улсын нэгээр зарлагдаад удаж байна. Хамгийн эхнийх шүү.

Бидний ирээдүй хойч үүнээс илүү нөхцөл байдалд үлдэх нь ойрхон байна. Хэрэв бид усны хомсдолд орвол яах вэ. Бидэнд байгаа цэвэр усны хангамж ердөө нэгхэн халбага. Бид усыг яаж хэмнэж, хайрлаж болохыг бүгд мэддэг хэр нь хэн ч үүнийг хэрэгжүүлдэггүй. Өнөөдөр дөнгөж алхаж сурсан бяцхан үр чинь аравхан жилийн дараа уух усгүй болох гэж байна гэвэл та итгэх үү. Манайх шиг гүний цэвэр усаа 00-доо хэрэглэдэг улс хаана ч байхгүй. 00-ын усыг нэг татахад 6-10 литр ус зарцуулдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ. Тиймээс бид усыг хэмнэж үр ашиггүй хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА УНДНЫ БОЛОН АХУЙН УС

Улаанбаатар хотын ундны усны 99 хувийг Туул голын хөндий дэх газар доорх ус бүрдүүлдэг. Нийслэлийн усны хоногийн бодит хэрэглээ 323,600 куб.метр хүрээд байна гэсэн судалгаа байна. Усны хэрэглээ, ашиглалт хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч энэ тоо нэмэгдэх хандлагатай хэмээн мэргэжлийн байгууллагаас үзэж байна. Манай улсын нэг иргэнд жилд 10 мянган тонн ус ноогддог.

Энэ нь дэлхийн улсуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингээд бодохоор та бид өнөөдөр дэлхийн ихэнх улсын нэг иргэний хэрэглэж байгаа уснаас их хэмжээний ус тэгэхдээ бүр дээд зэргийн цэвэр ус хэрэглэж байгааг хэлэх гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд ашиглаж болох усны нөөц 610 мянга гаруй тонн, үүний 80 хувь нь гадаргын ус, 20 хувь нь газрын гүний ус эзэлж байна. Гэтэл бид дан ганц газрын гүний усыг ашиглаж байна. Энэ нь эргээд усны нөөц багасахад нөлөөлж байгаа юм.

Хотын хэмжээнд цэвэр ус хэрэглэгчдийг ангилан харвал 204 мянган айл өрх, 108 мянган ААН, 200 гаруй аж үйлдвэр байна. Үүнээс үйлдвэр ААН цэвэр усны хэрэглээний 25-30 хувийг эзэлж байна.

Хотын ус хангамжийн эх үүсвэрийн газрын доорх усны нөөцөд судалгаа хийжээ. Үүнээс харахад Улаанбаатар хотын эргэн тойронд 250 км хүртэлх зайд тухайн үеийн болон алс хэтийн төлөвийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн зориулалтаар эрэл хайгуулын гидрогеологийн цогцолбор судалгааны ажлыг 1977-1979, 1983-1984 онд ЗХУ-ын ПНИИИС-ийн экспедиц хийсэн байна.

Судалгаагаар олон тооны хэсэгчилсэн талбайд газрын доорх усны ашиглалтын ба таамаг нөөцийг зохих төвшинд үнэлж тогтоосон хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн мэргэжилтэн ярьж байсан.

ГҮНИЙ УСАА ГАМГҮЙ ХЭРЭГЛЭСЭЭР...

Манай улсын хувьд хамгийн том асуудал бол усны нөөц, хангамж. Газрын доорх ус нь цэвэр бөгөөд байгалийн шүүлтүүртэй байдаг аж. Гүний усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, эргэж нөхөн сэргээгдэх чадвар нь удаан байдаг. Усны газраас хийсэн нэгэн судалгаагаар гүний ус 500 жилийн хугацаанд бүрэн цэвэршдэг гэсэн дүгнэлт гарсан байна.

Иймд дэлхийн улс орнууд газрын гадарга дээрх ус ашиглаж саарал усаа дахин боловсруулж байна. Харин Монгол Улс хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Туул голын сав газар нь Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумыг хамардаг бөгөөд нийт 1.4 сая хүн ам, 4.3 сая малыг усаар хангадаг байна. Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгалийн баялаг, ой мод сүйрч, гүний усаа гамгүй хэрэглэснээс хуурайшилт ихсэж цөлжилтийн хэмжээ 90 хувьд хүрчээ.

Барилга ихсэх тусам усны хэрэглээ нэмэгддэг. Харин газрын гүний усны нөөц үүнийг хангаж чадахгүй байна. Өнөөдөр гэр хороололд амьдарч буй нэг хүн хоногт 6-7 литр ус хэрэглэдэг бол орон сууцанд амьдарч буй нэг хүн 240-300 литр ус хэрэглэж байна. Гэтэл өнөөдөр ийм олон орон сууц ашиглалтад ороход төдий хэмжээний усны хэрэгцээ тулгарна.

Улаанбаатар хотын хэрэглээний цэвэр усыг долоон эх үүсвэрээс 200 гаруй худгаар олборлоод, 21 насосны станцаар дамжуулан нийслэлээр тарааж, хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэхдээ хоногт 150-200 мянган метр куб ус түгээдэг. Нэг литр усыг худагт хүргэхийн тулд 11 төгрөг зарцуулдаг байна.

АФРИКИЙН АРААС ОРОХОД ОЙРХОН БАЙНА

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр дахь том хот Кэйптаунд нэг хүнд ногдох өдрийн усны хэрэглээ 50 литр болжээ. 50 литр гэдэг бидний таван минут шүршүүрт урсгадаг ус юм. Бид усаа хэмнэхгүй энэ хэвээр урагшилбал ундны усгүй болоход ойрхон байна. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж булаг шанд, гол мөрөн жилээс жилд ширгэж байгаа нь газрын гүний усаа хайр гамгүй хэрэглэж байгаатай холбоотой.

2017 оны судалгаагаар Монгол Улсад 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ. Улсын хэмжээнд газар нутгийн гадаргын зөвхөн 0.4 хувийг цэвэр ус эзэлж байна. Усны хамгийн том үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршдог. Үүнийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дээр 300 сая хүн их давстай далайн болон давсархаг гадаргын усыг хэрэглэж байна. Хэрэв бид ийм байдлаар үргэлжилбэл цэвэр усны хомсдолд ороход ойрхон байна.

БИДНИЙГ ЯМАР ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Энэтхэгийн Нью Дели хотын Жавхарал Неру их сургуулийн эрдэмтэд Гималайн нурууны мөсөнд судалгаа хийж Гималайн нурууны Ганготри мөсөн гол 10 жилийн өмнөхөөсөө 850 метрээр багассаныг тогтоосон байна. Энэ нь жил бүр 17 метрээр үргэлжлэн хорогдоно. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл 30 жилийн дараа Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оршдог Ази тив бүхэлдээ усны гачигдалд орох юм. Цаашлаад бусдыг ч “уруу татна” гэж тэд тэмдэглэжээ.

УСНЫ БОРЛУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛАЛТ

АНУ-ын Ориган мужид эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг гурван ам бүлтэй өрх хоногт дунджаар 1,500 литр ус хэрэглэж сард 34 ам.доллар буюу 48 мянга, Токиод амьдардаг нэгэн гэр бүл хоногт 200 иен сард 6,000 иен буюу 60 мянган орчим төгрөг төлдөг байна. Харин Монголд хэдэн төгрөгийн ус хэрэглэдэг талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнийн албаны дарга Ж.Гэрэлчулуунаас асуухад “Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдэд жилд 1.3 сая куб.метр ус хүргэж байгаа.

Нэг литр усны зардал 11.2 төгрөг, борлуулах үнэ нэг төгрөг байгаа. Г эр хорооллын нэг хүн хоногт дунджаар 7-8 литр ус хэрэглэдэг бол орон сууцны хэрэглэгч 130 орчим литр ус хэрэглэж байна. Өнөөдөр сард дунджаар усны төлбөр 7,000-10,000 төгрөг төлдөг” гэж байлаа. Тэгэхээр манайх АНУ-аас 24, Японоос 30 дахин бага мөнгө төлж байна" гэв.

Зураг