Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин анх удаа буурал үсээ олон нийтэд харуулсан нь ямар санааг илэрхийлж байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хятадын улс төрчид буурал үсээ нууж, тас хараар будуулдаг олон жилийн уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Бээжинд эхэлсэн жил тутмын хууль тогтоогчдын чуулганы үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин анх удаа буурал үсээ нуулгүй ил гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Маогийн үеэс эхлэн Хятадын 60-аас дээш настай удирдагчид үргэлж үсээ гил хар өнгөөр будуулдаг уламжлал тогтсон юм. Энэ нь тэдний залуу, хүч чадалтай байгаагийн илрэл болдог. Харин тэтгэвэрт гарахдаа буурал үсээ ил гаргадаг нь үндсэндээ төрийн өндөр албан тушаалаас буусны илрэл болдог байв.

Ши Жиньпиний энэхүү алхам Хятадын улс төрд ямар нэг өөрчлөлт гарсныг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэж байна. Зарим нь түүнийг ард түмэнтэйгээ илүү ойр, энгийн даруу амьдралтай хүн болж харагдах зорилгоор ингэсэн гэж таамаглажээ.

2012 оноос БНХАУ-ыг удирдах болсон Ши авлигатай хатуу тэмцэл өрнүүлж, коммунист намын сая гаруй гишүүдийг торны цаана суулгаад байгаа. Гэвч өнгөрсөн онд тэрээр үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өөрийгөө насан туршийн удирдагч болгох зам тавьсан нь нийгэмд маргаан, эргэлзээ үүсгэсэн юм.

Тиймээс энэхүү эргэлзээг арилгахын тулд Ши Жиньпин өөрийгөө энгийн нэгэн болгож харагдуулах алхам хийсэн нь энэ гэж тайлбарлах хүмүүс байна.

Нөгөө талаар дайснуудаа дарсан Ши өөртөө хэт итгэлтэй болж, уламжлалыг зоригтой эвдсэн хэрэг байх магадлалтай хэмээн Хятадын улс төрийг судалдаг Нью Йоркийн Mirror Media Group байгууллагын тэргүүн Пин Хо тайлбарлажээ.

“Улс төрийн элитүүдийн хүрээнд түүнийг айлгах хүнгүй болсон. Тиймээс Ши өөрийн хүч чадал, өөрийн хүслээр байж чадах болсноо харуулж байна” гэж тэр ярьсан байна.

Одоогоор Хятадын улс төрчдийн дунд цөөн хэдэн өндөр албан тушаалтан буурал үсээ нуудаггүй. Тэдний нэг засгийн газрын шадар сайд, одоо АНУ-Хятадын худалдааны хэлэлцээрийг ахалж байгаа Лю Хэ бол нөгөө нь гадаад хэргийн сайд Ван И юм.

Ер нь Хятадын удирдагчид гадаад байдлаа өөрчлөх замаар бодлогын өөрчлөлтийг олон нийтэд илэрхийлдэг явдал бий. Жишээ нь 1980-аад оны үед тэд Мао маягийн хослолоосоо салж, өрнөдийн загвартай хослол өмсөх болсон нь Хятад орныг гадаад ертөнцөд нээлттэй болгосны илрэл байв.

Гэхдээ тэд одоог хүртэл цэрэг армийн төлөөлөгчидтэй уулзахдаа ногоон өнгийн Мао хослол өмсдөг нь өвөг дээдсийнхээ эхлүүлсэн хувьсгалыг үргэлжлүүлж байгаагийн илрэл болдог гэнэ.

Мөн сүүлийн жилүүдэд Хятадын удирдагчид олон улсын арга хэмжээний үеэр заримдаа босоо захтай уламжлалт хэв загварын хослол өмсдөг болсон нь Хятад улс хөгжин цэцэглэж, үндэсний бахархлаа дээдлэн өөртөө итгэлтэй болсны шинж гэж ажиглагчид тайлбарладаг байна.

 

Эх сурвалж: CNN