Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол адууг эрлийзжүүлэхийг эсэргүүцэж уяачид шинэ холбоо байгуулжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уяачид хурдан морины уралдаантай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хурдан морь сонирхогч, уяачид нэгдэн эрх ашгаа хамгаалахаар  “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” байгуулах болсноо мэдэгдлээ. Тус холбооны анхны их хурлыг ирэх дөрөвдүгээр сард хийх бөгөөд Монгол адууг эрлийзжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Холбооны үүсгэн байгуулагчдын нэг М.Ариунболд "ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад Монгол наадам, соёлын биет бус өвийг бүртгүүлэхдээ “Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Улмаар хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон, хязаалан шүдлэн, даага гэсэн зургаан насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгүүлсэн. 

Гэтэл үүнийгээ "Морин спорт уяачдын холбоо" зөрчиж байна. Мөн өнөөдрийн энэ хурдан морины уралдаан тойрсон маргаан нь Монгол наадмын соёлын өвийн утга, мөн чанарыг алдагдуулж байна гэж үзсэний учир хурдан морь сонирхогч, уяачдын маш олон санал хүсэлтийн дагуу бид “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” байгуулахаар боллоо. Мөн энэхүү холбоогоо адууны төлөө  зүтгэж яваа уяач, адуучид, малчид орон нутгийн уяачдын холбоонууд, бусад төрийн бус байгууллагуудтай хамтран байгуулах санаачилга гаргаж байна. 

Холбооны гол зорилго нь үндэсний их баяр наадам буюу улс аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах юм. 

Бидэнтэй нэгдэж хамтрахыг хүсвэл www.mongolnaadam.mn хаягаар холбогдож бүртгүүлж болно. 

Үүсгэн байгуулагчдын нэг Д.Төмөрхадуур “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” байгуулах болсон шалтгаан нь  "Монголын морин спорт уяачдын холбоо"-ны долоодугаар их хурал дээр гаргасан үндэсний морин уралдаанд ямар ч хамаагүй үйлдвэрийн адуу өндрийн сэрвээ нь тохирвол уралдана гэж гаргасан шийдвэрээс болсон. Энэ шийдвэрээс болж уяачдын дунд ч зөрчил маргаан үүссэн. Эцэст нь бид Монгол уяачдынхаа эрх ашгийг хамгаалахаас өөр аргагүй болсон юм. 

"Монголын морин спорт уяачдын холбоо"-ны долоодугаар их хурал дээр "ямар ч хамаагүй үйлдвэрийн адуу өндрийн сэрвээ нь тохирвол уралдана" гэх асуудал 86.2 хувийн саналаар дэмжигдсэн байсан. Энэ саналыг хүндэтгэж байгаа хэдий ч бидний ойлголтоор Монголын нийт  уяачдын 95 хувь нь Монгол адуу уралдуулна гэсэн санаа бодолтой байдаг юм. Мөн төрийн уламжлал гэж бий. Монголчууд тэр уламжлалаа өдийг хүртэл хадгалаад ирсэн. Ерөнхий сайд хүртэл хэлж байхдаа Монгол адууг амьдаар нь  гадагш гаргахгүй, Монгол адуу бол бидний бахархал, Монгол наадамд Монгол адуу уралдах ёстой гэж хэлж байсан. Уяачид ч санал нэг байдаг. 

2000 оноос хойш Монгол адууг сайжруулна гэх нэрийн дор янз бүрийн цусны адуунуудыг оруулж ирээд Монгол адуунуудыг бузарласан. Залуучууд нь хүртэл Монгол адууг мал хариулдаг адуу гэж ярьж, ойлгож байна. Тэгэхээр шинэ холбооны бас нэгэн зорилго бол Монголын хилээр өөр цустай адуу оруулж ирүүлэхгүй ба Монгол адуугаа эрлийзжүүлэхгүй байх юм. Тэглээ ч тэр орж ирээд байгаа адуунууд нь 3 эсвэл 4 саяын үнэтэй адуунууд нь ч биш. Бид холбооныхоо үйл ажиллагааг тууштай явуулна гэдгээ хэлмээр байна” гэлээ. 

Монгол адуу мал хариулдаг адуу биш

Харин Үүсгэн байгуулагчдын нэг Ю.Үнэнмөрөн “Үндэсний морин уралдаан бол Монголын өв соёл. Монгол адуу мал хариулдаг адуу биш. Уяач хүн  өв соёлыг тээгч ёс суртахуунтай байх ёстой. Гэтэл морины талаар ямар ч мэдлэггүй, соёлгүй хүмүүс өнөөдөр алдарт уяачдын цол авч байгаа нь өвийг мөхөөж байгаа хэрэг. Мөн "Монголын морин спорт уяачдын холбоо" нь нийгмийн захиалгаар ажилладаг  болчихоод байна” гэв. 

 Холбоог санаачлагчдаас сэтгүүлчид хэдэн зүйлийг нэмж  тодрууллаа. 

- Шинэ холбоо нь Монголын морин спорт уяачдын холбооноос өрх тусгаарлаж байгаа гэсэн үг үү?

-Монголын морин спорт уяачдын холбоо ажлаа хийдгээрээ хийгээд явна. Бид Монгол адууг уралдуулах шийдвэрийг үгүйсгэж байгааг эсэргүүцэж байгаа юм. 

-Унаач хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар ярихгүй юм уу? 

- Дутуу ярьсанд уучлаарай. Өнөөдөр талууд хоорондоо ойлголцдоггүй байдлаас  болж, унаач хүүхдүүдийн эрх  ашгийг орхигдуулж байна. Тэгээд зөвхөн шагнал авах, түрүүлэх, гээд алдар нэрний хойноос л хэт явж байна. Хүүхэд өөрөө энэ соёлыг бүтээж байгаа юм шүү дээ. Өнөөдөр хүүхдийг хурдан морь унуулахгүй, аюултай гэж ярихаас илүүтэй хүүхдийг эргээд Монгол ахуйтай яаж ойрхон байлгах вэ, яаж Монгол ахуйгаа мэддэг, Монголоо гэсэн сэтгэлтэй байлгах вэ гэдгийг нь ярих цаг болсон. 2005 оны үед 30,000-35,000 хүүхэд хурдан морь унаж байсан нь 2015 онд 20,000 орчим болсон. Хэрвээ өнөөдөр морь унаач хүүхэд 8,000 орчим болж буурвал бид Монгол адуугаа яриад нэмэргүй болно.