Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Гольц: Монгол Улс газар доорх усанд бохирдол орохгүй байх судалгааг нэн түрүүнд хийх нь чухал

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 “Дэлхийн усны өдөр” болох гэж буйг тохиолдуулан ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбараас нээлттэй семинарыг өчигдөр зохион байгууллаа.

Тус семинарт Монгол орны усны асуудал тэр дундаа газрын доорх усны тулгамдаж буй асуудлын талаарх сэдвүүд хөндөгдсөн юм. Семинарт онцлох илтгэлийг ШУТИС-ийн зочин профессороор ирж ажиллаж буй АНУ-ийн Агаарын нисэх хүчний технологийн институтийн хүндэт профессор Марк Гольц бохирдсон газар доорх усны нөхөн сэргээлтийн талаар хийсэн судалгаагаа танилцуулсан билээ.

Түүний хэлснээр газар доорх усанд бохирдол орохгүй байхаар хамгаалах нь чухал бөгөөд сайн судалгаа хийх шаардлагатай байдгийг онцлон хэлсэн. Тэгээд тэр ус нь хэрхэн урсдаг болон ямар хөдөлгөөн үзүүлэх вэ гэдгийг судалсан гэдгээ тайлбарласан. Мөн газар доорх усыг нөхөн сэргээхэд ашиглах технологи чухал нөлөөтэй бөгөөд түүний судалснаар хамгийн сайн болсон нь био нөхөн сэргээх технологи аж. Ийнхүү усыг гаргаж аваад нөхөн сэргээх байдал нь чухал нөлөөтэй байна.

Манай улсын хойд талын уулархаг нутагт газар доорх усны ихэнх нь гол мөрөнд нийлдэг бол өмнөдийн хээр цөлд хөрсний ан цав болон ургамлаар дамжин уурших нь их байна. Харин усны нийт нөөцийн сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метр ба үүнд 34,600сая шоо метр гол, мөрөн,
500,000 сая шоо метр нуур, 62,900сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана.
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад шатахуун хадгалах танкууд их байгаа тул хяналтын цооног өрөмдөх хэрэгтэй

Хүндэт профессор Марк Гольц  “Монгол Улсад маш олон шатахуун түгээх станц байдаг. Тиймээс шатахуун хадгалах танкууд маш их хэмжээтэй байгаа гэсэн үг. Үүнээс их хэмжээний алдагдал явуулдаг. Тиймд Монгол Улс эхлээд хяналтын цооног өрөмдөж, дээж аван ямар асуудал хаана байгаа вэ гэдгийг мэдсэний дараа газрын доорх усандаа ямар төрлийн нөхөн сэргээлт хийж болох вэ гэдгийг мэдэх ёстой. Түүнчлэн мэдээж хэрэг АНУ хүрээлэн орчин хамгаалах, агаар, хөрс, усыг бохирдлоос хамгаалах тухай хууль сайтай. Монгол Улс ч гэсэн агаар, хөрс, усыг бохирдлоос хамгаалах хуулийг сайжруулах шаардлагатай. Мөн хадгалах танкуудыг нөхөн сэргээх, хяналт хийх тухай хууль болон бохирдлыг газар доорх ус руу оруулахгүй байх талаар хуулийн орчныг нэн түрүүнд сайжруулах хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.

 Семинарын дараагийн онцлох илтгэлийг АНУ-ын элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Жеффрей С.Жозеф “Мянганы сорилтын сан-Монгол дахь АНУ-ын байгаль орчны оролцоо” сэдвээр тавьсан юм.

Тэрбээр, “Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн энэхүү компакт гэрээ хэрэгжих таван жилийн хугацаанд АНУ –аас 350 сая ам.долларын тусламж үзүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар 111 сая доллар, нийт 461 сая ам.долларыг уг төсөлд зарцуулахаар болсон. Өнөөдөр Улаанбаатар хотод усны асуудал тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Тийм ч учраас бид төслийн хүрээнд Монгол Улсын усны хэрэглээтэй холбоотой асуудлыг 80 хувиар сайжруулахыг зорьж байгаа юм.

Мөн усны салбарт бодлогын чанартай дараах өөрчлөлтүүдийг гаргахаар зорьж байна. Үүнд,

  1. Усыг хэрэглэгчдэд хүргэх менежментийг сайжруулах
  2. Усны чанарыг дээшлүүлэхэд анхаарах бөгөөд усыг бохирдолтой эсхүл ямар нэгэн химийн бодистой гаргаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох
  3. Усны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах
  4. Усыг дахин цэвэршүүлж ашиглахад анхаарах
 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад газар доорх усны талаар бүх нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн судалгаа дутмаг байдаг байна. Мөн Монгол судлаачдын хувьд манай улсад уул уурхайн салбар хөгжиж буйтай холбоотойгоор уул уурхайн ажиллагаанд газар доорх усны нөлөөг багасгах судалгааг хийж байгаа юм байна.