Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын төрийн өмчит телевиз цөмийн цохилтын байнуудыг АНУ-ын газрын зураг дээр үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын төрийн өмчит “Россия 1” суваг Ням гарагийн үдэш мэдээллийн хөтөлбөрөөрөө хамгийн түрүүнд цөмийн цохилтын бай болох боломжтой байрлалуудыг АНУ-ын газрын зураг дээр үзүүлжээ.

Америкийн эсрэг үзлээрээ алдартай улс төрийн тоймч Дмитрий Киселёв “Вести Недели” хөтөлбөрт орохдоо Америкийн газрын зураг дээр хэрвээ дайн дэгдвэл нэн тэргүүнд цөмийн цохилтын бай болох газруудыг харуулсан байна.

 

Тэдгээрийн дотор АНУ-ын армийн командлалын төвүүд, Кэмп Дэвид дэхь ерөнхийлөгчийн нууц байр зэрэг багтжээ. Киселёв ОХУ-ын зохион бүтээж байгаа “Циркон” дуунаас хурдан пуужин эдгээр байнуудад таван минутын дотор цохилт өгч чадахыг бахархан ярьсан байна.

Өмнө нь нэг удаа Москва хүсвэл АНУ-ын газар шороог цацраг идэвхит үнс нурам болгон хувиргаж чадна хэмээн ярьж байсан Киселёв “Одоогоор бид хэнийг ч сүрдүүлээгүй байна. Гэхдээ шаардлагатай үед манай цохилт нэн даруй хэрэгжих боломжтой” гэж ярьжээ.

Даваа гарагт энэ мэдээллийн талаар өрнөдийн хэвлэлүүд Кремлийн байр суурийг сонирхоход “телевизийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох боломжгүй” гэж хэвлэлийн төлөөлөгч нь хариулсан байна.

Дээрх мэдээллийг цацагдахаас нэг өдрийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ хүсвэл хүйтэн дайны үеийн “Карибын хямрал” шиг нөхцөл байдалд дахин хүргэж чадна хэмээн АНУ-д анхааруулж байв.

1987 онд байгуулж байсан Дунд тусгалын Цөмийн Зэвсгийг Хязгаарлах гэрээнээс АНУ гарах болсон нь Вашингтон-Москвагийн харилцааг муутгаад байгаа. Вашингтоны тал ОХУ-ыг гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа хэмээн шүүмжилдэг бол Москва өрсөлдөгч талаа Европт дунд тусгалын пуужин байрлуулах зорилгоор гэрээнээс гарч байна хэмээн хардаж байгаа юм.

Дээрх мэдээллийн талаар Пентагоны байр суурийг тодруулахад “Путиныг ийм сүрдүүлэг хийх бүрт NATO-гийн гишүүдийн хамтын ажиллагаа сайжирч байдаг сайн талтай” гэж хэвлэлийн төлөөлөгч Эрик Пахон мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters