Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн оюутны өвлийн XXIX Универсиад наадамд Монголчууд анх удаа уран гулгалтын төрлөөр оролцоно

ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
 

ОХУ-ын Красноярск хотноо 2019 оны гуравдугаар сарын 2-12-нд Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам спортын 11 төрөлд болж 60 орны 3,500 гаруй төлөөлөгчид оролцоно.

Манай улсаас цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26  хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ хангажээ.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслол Спортын төв ордонд өнөөдөр болж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын албаныхан үг хэлж, амжилт хүслээ.

Ёслолын үеэр баг тамирчид тангараг өргөж, БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн “КЕЛМЕ” брэндийн найман иж бүрдэл хувцсыг захиалан хийлгэснээ гардуулан өглөө. Тамирчдад Монгол Улсын төрийн далбааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан багийн тугч цанын тамирчин, ОУХМ Б.Ачбадрахад гардуулан өгч амжилт хүсэв.

Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх 1991 оны Японы Саппоро хотноо болсон арга хэмжээнээс эхлэн оролцож байсан түүхтэй.

Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Монголын тамирчид Универсиадаас медаль авч чадаагүй ч гэсэн дэлхийн орнуудтай адил энэхүү том наадамдаа тамирчдаа бэлтгэн оролцуулах, тамирчид хувийн амжилтаа ахиулах, олимпийн оноого нэмэх зорилготой оролцож байна.

Энэ удаагийн наадмаас эхлэн Монголчууд анх удаагаа уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрлүүдэд оролцох юм.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам