Шувуучлахуйн соёл нь тэртээ 6000 жилийн өмнөөс өнөөг хүртэл харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг гаршуулан дасган ан авд сургадаг Төв Азийн нүүдэлчин ард түмний зан заншил юм.
Анч бүргэдэд голдуу эм бүргэдийг сонгох ба нисэх чадвараа олон идэш тэжээлдээ явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, гэрийн мал руу дайраад байдаггүй.
Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ.
Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” арга хэмжээг 2019 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.
Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!