Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн нисэх онгоцнууд Пакистаны эзэмшлийн нутагт агаарын цохилт өгснийг мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Энэтхэгийн армийн нисэх онгоцнууд Пакистаны захиргаанд байдаг Кашмирын нутагт нэвтэрч, агаарын цохилт өгсөн тухай Энэтхэгийн батлан хамгаалахын сайд мэдээлжээ.

Хималайн уулсын бүсэд оршдог Кашмирыг хоёр улс хувааж эзэмшдэг бөгөөд хилийн маргаанаа шийдэж чадаагүй байгаа юм. Одоо хоёр улс эзэмшлийн бүсээ заагласан “Хяналтын шугам” (Line of Control) гэгчийг тогтоосон байдаг.

“Өнөөдөр өглөө үүрээр манай агаарын хүч “Line of Control”-ийг давж, террористуудын хуаранд цохилт өгч, бүрэн устгалаа” хэмээн сайд Гажендра Сингх Шехават твиттер хуудсандаа бичсэн юм.

Харин Пакистаны тал үүнээс хоёр цагийн өмнө мэдэгдэхдээ Пакистаны талаас агаарын сөрөг довтолгоо хийх үед Энэтхэгийн нисэх онгоцнууд буцаж зугтсан бөгөөд замдаа ачаагаа хөнгөлөх зорилгоор тээж явсан бөмбөгнүүдээ унагасан нь ямар нэг хохирол учруулаагүй гэж мэдээлжээ. 

Энэ сарын дундуур Энэтхэгийн Кашмирт гарсан террорист халдлагын улмаас тус улсын 40 цагдаа амь үрэгдсэн нь хөрш хоёр орны харилцааг хурцатгаад байгаа билээ. Террорист ажиллагааг Пакистанд орогнодог исламын зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч Энэтхэгийн тал Пакистаны засгийн газрыг буруутай гэж үзэж байгаа.

Харин Исламабадын эрх баригчид уг халдлагатай ямар ч холбоогүйгээ баталж байна.

Өнөөдөр Кашмирт тогтоосон хяналтын шугамыг Энэтхэгийн талаас давж, Пакистаны эзэмшлийн хэсэгт нэвтэрсэн нь 1971 онд хөршүүдийн хооронд гарсан дайнаас хойш анхны тохиолдол болж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today