Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Католик шашны дээд зиндааны санваартан бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ромын Католик шашны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгт тооцогддог Австралийн кардинал Жорж Пэлл нь насанд хүрээгүй хүмүүст бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн хэрэгт буруутайг Мелбурн хотын шүүх өнөөдөр тогтоолоо.

Одоо 77 настай кардинал 1990-ээд оны сүүлээр сүмийн найрал дуу дуулдаг хоёр хөвгүүнийг дарамталж, хүчээр бэлгийн харилцаанд орж байсныг тогтоосон тул шоронд хоригдох ял сонсох нь тодорхой болжээ.

Жорж Пэлл бол Ватиканы санхүүг хариуцдаг, Пап ламын шадар зөвлөх хүн юм. Шүүхийн шийдвэр гарснаар тэр өнөөдрийг хүртэл бэлгийн хүчирхийллийн хэрэгт албан ёсоор буруутгагдсан Ромын Католик шашны хамгийн дээд зиндааны хүн болж байна.

Түүнд хүчирхийлүүлж байсан хоёр хүүгийн нэг нь 2014 онд хар тамхины тун хэтрүүлж амиа алдсан бол нөгөө нь хэргийг олон жил нуун дарсны эцэст Пэллийн эсрэг мэдүүлэг өгөөд байгаа юм.

Пэллийг шүүх анхны хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, түүнийг буруугүй хэмээн тогтоож байв. Дараа нь арванхоёрдугаар сард кардиналын хэргийг дахин шүүхээр болсон юм.

Жорж Пэлл өөрийгөө буруугүйд тооцож, өмгөөлөгчдийн баг нь шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсноо мэдэгджээ.

Австралийн Балларат хэмээх жижиг хотод төрсөн Пэлл 1966 онд Католик сүмд сахил хүртсэнээсээ хойш тун амжилттай зэрэг зиндаа ахисан юм.

2014 онд Ромын Пап лам түүнийг Ватиканы мөнгө санхүүг хариуцуулахаар сонгож, өөртөө зөвлөдөг кардиналуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр сонгосон байна.

Гэвч Австралийн засгийн газар 2012 онд шашны байгууллагууд дахь хүүхдийг садар самуунд уруу татах үзэгдлийг шалгах комисс байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь Жорж Пэллийн гэм нүгэл илрэх боломжийг олгосон юм.

 

Эх сурвалж: CNN