Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын удирдагч Вьетнамд ирлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хуягт галт тэрэг өнөөдөр өглөө Хятад-Вьетнамын хилийг давж, Вьетнамын Дон Дан өртөөнд зогссон байна.

Тэрээр маргааш эхлэх АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний хоёр дахь уулзалт хэлэлцээрт оролцохоор ирж байгаа юм.

Ким Жон Унтай уулзах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нисэх онгоц өнөөдөр орой Ханойд газардах хуваарьтай байна.

Залуу Ким уламжлал болсон Мао загварын хослолтойгоо галт тэрэгнээс буухад Умард Солонгосын далбаа, баглаа цэцэг барьсан вьетнамчууд улаан хивс дэвсэн угтаж авчээ.

Тэрээр удалгүй хар өнгийн лимузин автомашин хөлөглөж цааш Ханой хот руу өндөр хамгаалалтын дор хөдөлсөн байна. Өнгөрсөн Бямба гарагийн үдээс хойш Ким Жон Ун нийслэл Пёньянаас гарч, Хятадын газар нутгийг хөндлөн туулж Вьетнамд ирсэн юм.

 

Цөмийн зэвсгээс ангижрах, Солонгосын дайныг албан ёсоор өндөрлүүлэх асуудлаар хоёр удирдагч бүтэн хоёр өдөр хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Ким Жон Уныг дайны дараа эдийн засгаа богино хугацаанд сэргээж чадсан Вьетнамын туршлагыг судлах зорилготой гэсэн таамаг яриа байгаа юм.

Өнөөдөр Вьетнамын эрх баригчид Дон Дан өртөөнөөс нийслэл Ханой хот хүртэл 169 км хурдны замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан байна.

 

Эх сурвалж: Associated Press