Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн 100 гаруй цэрэг Колумби руу оргож, өндөр албан тушаалтнууд Турк рүү дүрвэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Венесуэль-Колумбийн хил дээр иргэд, армийнхны хооронд гарсан мөргөлдөөний үеэр Венесуэлийн армийн 100 гаруй алба хаагч Колумбийн газар нутагт оргож ирсэн байна.

АНУ-ын илгээсэн тусламжийн ачааг хилээр нэвтрүүлэхгүйн тулд Николас Мадуро тус улсын зэвсэгт хүчнийг дайчилсан юм. Харин тусламжийн ачааг нэвтрүүлэх зорилготой иргэд, сайн дурынхан хил дээр очсоноор мөргөлдөөн үүссэн байна.

Цэргүүд иргэд рүү нулимс асгаруулах хий цацаж, резинэн сумаар буудаж байсан бол тэмцэгчид хариуд нь чулуу нүүлгэж байв.

Оргож ирсэн цэргүүдийг Колумбийн тал католик сүмд байрлуулж, гадна талд нь цагдаагийн хамгаалалт гаргажээ. Энгийн иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэхгүйн тулд  зугтаж ирсэн гэж мэдүүлсэн цэргүүд Венесуэльд үлдсэн ар гэрийнхэндээ санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд мөн Венесуэлийн арми дотор Мадурогийн дэглэмд итгэх итгэл суларч байгаа, авлигад идэгдсэн дээд цолтой офицеруудад цэргүүд нь захирагдахаа больж байгааг гэрчилсэн юм.

Бямба гарагт хил дээр гарсан мөргөлдөөний үеэр доод тал нь хоёр энгийн иргэн алагдсан гэх мэдээлэл ирээд байгаа юм.

Ням гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Яг тодорхой хугацаа хэлж мэдэхгүй ч Мадурогийн дэглэм унах хугацаа ойрхон болсонд би итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өөрийгөө үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсонд тооцож байгаа Хуан Гуайдо өнгөрсөн Бямба гарагт твиттер хуудсандаа “Өөрсдийг нь золионд гаргасан өндөр албан тушаалтнууд аль эрт Турк улс руу дүрвэснийг цэргүүд хараахан мэдээгүй байна” гэж бичсэн байна.

АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн ачаа одоо Колумб, Бразилын талаас Венесуэлийн хил дээр ирээд байгаа юм. Ням гарагт Карибын тэнгисээр Пуэрто Рикогоос ирсэн тусламжийн бараатай хөлөг онгоцыг Венесуэлийн флотын хөлгүүд хориглож, буцаасан тул Нидерландын захиргаанд байдаг Курасао аралд түр саатаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.