Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нэгэн хот хилс хэргээр 40 шахам жил шоронд хоригдсон эрд $21 саяыг төлөх шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
39 жил хилс хэргээр шоронд хоригдсон Крэйг Коли

АНУ-ын Калифорни мужийн Сими Вали хотын захиргаа хүн амины хилс хэргээр 39 жил шоронд хоригдсон оршин суугчдаа $21 саяын нөхөн олговор төлөх шийдвэрийг гаргажээ.

Хилс хэрэгтэн Крэйг Коли 1978 онд найз бүсгүйгээ дөрвөн настай хүүгийнх нь хамт хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс бүх насаар хоригдох ял сонсож байжээ.

Гэвч түүний хэргийг олон жилийн дараа дахин шалгаад хэргийн газраас олдсон биологийн ул мөр Колигийнх биш, өөр хүнийх гэсэн дүгнэлт гарч, 2017 онд цагаатгагдан суллагдаж байв. Сими Вали хотын захиргаа Крэйг Колигийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаа шүүхээр явбал маш урт, зардал өндөртэй байх болно гэж тооцоолоод үүний оронд хэлмэгдсэн иргэнтэйгээ шууд тохиролцох замыг сонгосноор үр дүнд хүрсэн байна. Ингээд Колиг хэлмэгдүүлсэн хотын эрх баригчид түүнд $21 саяыг төлөх тохиролцоонд хүрснээ өнгөрсөн Бямба гарагт зарласан юм.

“Ноён Колигийн хохирлыг ямар ч хэмжээний мөнгөөр барагдуулах боломжгүй ч асуудлыг ингэж шийдэх нь хэлмэгдсэн хүний хувьд төдийгүй хотын нийт оршин суугчдын хувьд зөв гэж үзлээ” хэмээн Сими Вали хотын менежэр Эрик Левит мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Колигийн хохирлыг барагдуулах мөнгөний $4.9 саяыг хотын захиргаа, үлдсэн хэсгийг даатгал болон бусад эх үүсвэрүүдээс гаргахаар болжээ.

Одоо 71 настай Крэйг Колигийн эцэг, эх нь тухайн үед хүүгийнхээ өмгөөллийн зардлыг төлөхийн тулд орон байраа барьцаалж, санхүүгийн ихээхэн хохирол амсаж байсан гэнэ. Тэд Колиг шоронд хоригдож байхад нас барцгаажээ.

Сими Вали хотын цагдаа одоогоор уг хэргийн жинхэнэ буруутныг олоогүй байна.

 

Эх сурвалж: Associated Press